УИХ дахь МАН-ын бүлэг зарим асуудлыг нягтлан шалгах ажлын хэсэг байгуулах хүсэлт бүхий албан бичгийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүллээ. УИХ-аар Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэх шатанд төрийн алба, төрийн албан хаагчидтай холбоотой асуудлаар нэгдсэн ойлголттой болохын тулд хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллах саналыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тавьж байсан юм. Энэ дагуу МАН-ын бүлгээс төрийн албанаас халагдсан, чөлөөлөгдсөн иргэд, төрийн албан дахь шилжилт хөдөлгөөн, санхүүжилтийн байдалд шалгалт хийх нь зүйтэй гэж үзжээ.
Мөн бүлгээс Монголбанк, Засгийн газрын хооронд байгуулсан гэрээ хэлцэл, санамж бичгүүд болон явуулж байгаа үйл ажиллагаа нь Монголбанкны бие даасан байдлыг алдагдуулж байна гэж үзэж буй юм. Тухайлбал, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоолыг Засгийн газар зөрчиж, “Чингис” бондын эх үүсвэрийг банкуудаар дамжуулан төсвийн урсгал зардлыг санхүүжүүлэхэд зарцуулж байгаа. Үнэ тогтворжуулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого оновчтой бус, үнэ бууруулах эцсийн зорилготойгоо нийцэхгүй байгаа зэрэг зөрчил дутагдал нь Монголбанкинд УИХ-аас тавих хяналт сул байгаатай шууд холбоотой гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзжээ. Тиймээс УИХ бүрэн эрхийнхээ дагуу харьяа байгууллагууддаа дээрх асуудлуудаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгаж, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор ажлын хэсэг томилон ажиллах шаардлага байна гэж үзэн дээрх хүсэлтийг тавьжээ.
Г.ДАРЬ