![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/12/8400a97bed96b57d/df4bdefa9feebe37big.jpg)
Салбарын сайдын тодотгосноор Монгол Улс энэ онд 313.7 мянган га-д улаан буудай, 15.5 мянган га-д төмс, 7.6 мянган га-д хүнсний ногоо, 20.7 мянган га-д малын тэжээл, 25 мянган га-д тосны ургамал, нийтдээ 393.5 мянган га-д тариалалт хийж, ирэх намар үр тариа 487 мянган тонныг хураан авч 330.0 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэх зорилт тавин бэлтгэлийг хангасан байна. Буудайн үрийг дотоодоосоо 100 хувь хангах боломжтой.
Ингэхдээ дотоодын буудайн үрийн үнийг 600 мянган төгрөг, импортын үрийн үнийг 765 мянган төгрөгөөр тус тус тогтоож 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгохоор шийдвэрлэсэн. Одоогоор 52 аж ахуйн нэгж, иргэн 720 тонн үр авахаар зээлийн гэрээ байгуулан татан авч байгаа аж. Тос, тэжээлийн таримал үрийн хувьд боловсруулах үйлдвэр бүхий зарим аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж тос, тэжээлийн таримлын үр импортоор оруулан ирж байгаа юм байна. Тодруулбал, Германы Рапул ХХК-иас рапсын гибрид үр 22 тонныг, Канад улсаас хүнсний арвайны үр 30 тонныг тус тус импортоор оруулан ирж нийтдээ 16 аж ахуйн нэгжид зээлийн гэрээгээр олгожээ.
Төмс, хүнсний ногооны үрийн чанар, хангамжийг сайжруулах зорилтын хүрээнд 135 тонн төмсний элит үр, 146.0 сая төгрөгийн үнэ бүхий 10 нэр төрлийн хүнсний ногооны үр, төл сонгинын булцууг аймгуудад хуваарилан олгож эхэлсэн байна.
Мөн тариалалтын их ажил, уринш бэлтгэхэд шаардлагатай шатахууны хангамжийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авчээ. Тухайлбал, НИК, “Магнай трейд” компанитай гэрээ байгуулан тариаланчдад шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож буй юм байна. Өчигдрийн байдлаар манай улс 26 хоногийн дизель түлшний нөөцтэй байжээ.
Тэгвэл мал хаваржилт, төллөлтийн тухайд улсын хэмжээнд 10.1 сая мал эх төллөж 10 сая төл буюу гарсан төлийн 99 хувь нь бойжжээ. Мөн аймгуудаас авсан мэдээллээр улсын хэмжээнд 310.5 мянган мал зүй бусаар хорогдсон нь оны эхний нийт малын 0.76 хувийг эзэлж байгаа юм байна.