М.Вайсс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

М.Вайсс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Бавари мужийн Парламентын Үндсэн хуулийн хяналтын байнгын хорооны дарга М.Вайсс тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2013.05.01/  хүлээн авч уулзлаа.  

Уулзалтын эхэнд ХЗБХ-ны дарга Ш.Түвдэндорж 1993 оноос эхлэн Ханнс Зайделийн сангийн шугамаар харилцаа холбоотой болж эрх зүйн салбарт хамтран ажиллаж, туслалацаа үзүүлж ирсэнд талархаж байдгаа илэрхийллээ. Түүнчлэн манай улс авлигын эсрэг тууштай тэмцэж, эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор шинэ шатанд ажиллаж байгаагаа дуулгасан юм. Эрх зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд батлагдсан зарим хууль өнгөрсөн сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн, авлигын индекс буурсан гээд салбарын шинэчлэл үр дүнгээ өгч эхэлсэн байна. Цаашид  нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөгдсөн, шинээр боловсрогдож батлагдах хуулийн төслүүдэд хамтарч ажиллах, эрх зүйн салбарын шинэчлэлтэй холбоотойгоор хуульчдад сургалт зохион байгуулах шаардлагатай байна гэдгээ парламентын гишүүн Ш.Түвдэндорж мэдэгдсэн. Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан мөн эх газрын эрх зүйн системд суурилсан манай улсын эрх зүй Германыхтай төстэй байдгийг хэлээд  захиргааны эрх зүй боловсронгуй болгоход Ханнс Зайделийн сангийн туслалцаа өндөр ач холбогдолтой байсныг онцолсон юм.

Ноён М.Вайсс 2000 онд манай улсад ирж байсан юм байна. Тэрбээр тухайн үед Хууль зүйн сайд байсан бөгөөд манай улсын шүүгчдэд зөвлөгөө өгч байжээ. Өдгөө Монгол Улс эрх зүйн салбартаа шинэчлэл хийж, ардчилалын замаар хэрхэн замнаж байгааг хараад бахархаж байна гэдгээ ноён М.Вайсс мэдэгдсэн. Түүнчлэн  “ Улс орон болгон өөрийн гэсэн үнэ цэнэтэй, түүхтэй байдаг. Манай улсын эрх зүйн шинэчлэл цэгцэрсэн. Тиймээс бид туршлагаасаа хуваалцаж, бидний алдааг давтахгүй байх, хамгийн сайн зөвлөгөөг өгөхөд бэлэн байна” гэлээ. Тэрбээр мөн өнгөрсөн 10 жилийн хугацаанд шинэлэгдэж батлагдсан хуулиудыг хараад танай улсад баяр хүргэхээс өөр аргагүй гэсэн юм.

ХБНГУ-ын  Парламентын Хяналтын байнгын хороо нь Үндсэн хуулийг хамгаалах ажиллагаа хууль ёсны дагуу явагдаж байна уу гэдгийг хянадаг юм байна. Энэ байнгын хорооны бүрэлдэхүүнд парламентад суудалтай бүх намын төлөөллөөс багтдаг гэж ноён М.Вайсс ярилаа. Түүнчлэн социалист нийгмээс уламжилсан эрх зүйг шинэ нийгэмд шинэчлэхэд иргэдийн сэтгэхүйг өөрчлөх нь чухал байдаг талаар дурдсан юм.  Ямар ч сайн хууль баталлаа ч иргэдийн сэтгэхүйг өөрчлөх нь эрх зүйн салбарын шинэчлэлд гарч болох бэрхшээл гэж ноён М.Вайсс онцолж байлаа.

Дээрх уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганбат, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ц.Сарантуяа болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж