&#34Зэрэг нэмэхийн өмнө“ шиг л

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

&#34Зэрэг нэмэхийн өмнө“ шиг л

NTV-ийн захирал, Монголын Телевизүүдийн Холбооны гүйцэтгэх захирал М.Уламбадрахтай ярилцлаа.

-Хэвлэлийн эрх чөлөө хагас байна гэж олон улсын байгууллага дүгнэсэн байна. Та юу гэж бодож байна?

-“Зэрэг нэмэхийн өмнө” гэж кинон дээр еэвэн харуулаад тал нь хаа байна гэхээр энэ гэдэг шиг үү./инээв/ Талыг нь бид өөрсдөө “идээд” амьдраад байгаа юм биш үү. Өлсгөлөн байсан ч шүдээ чигчил гэж самурай нар хэлдэг байсан юм гэсэн. Нэрээ бод л гэсэн үг шүү дээ.

-Монголд сэтгүүл зүй захиалгатай, ёс зүйгүй байна гэх шүүмжлэл их байдаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг бэ?

-Одоо байгаа байдлаа уг нь бүгд гадарлаж л  байгаа. Гэхдээ энэ байдлаа хэрхэн яаж өөрчлөхөө мэдэхгүй байгаа юм даг уу даа. Мөнгө төлдөг нь ч, авдаг нь ч. Бие биенийхээ халаасанд орчихсон. Хэн нь хэнийхээ халаасанд байгаагаа өөрсдөө ч мэдэхгүй байна. Би нэг их шашин шүтээд байдаггүй. Гэхдээ саяхан Чой хамбыг урьж ажил дээрээ яриа хийлгүүлэхэд  “Нүгэл гэдэг бол алсдаа өөрийн эрх чөлөөг хязгаарлах үйл хийхийг хэлж буй юм” гэсэн. Тэгэхээр хэвлэлд мөнгө өгч амыг нь барьж, удирдаж буй нь ч, авч буй аль аль нь эрх чөлөөнөөсөө сайн дураар татгалзаж байна гэсэн үг .

-Та салбартаа багагүй шүүмжлэлтэй хандаж байна. Ер нь хэвлэлийн эрх чөлөө гэж юуг хэлээд байна вэ. Хүн бүр өөрийнхөөрөө ойлгоод зарим нэг нь хэний ч тухай юуг ч ярьж болно гэж боддог юм шиг санагддаг.

-Уншигч, үзэгчийн хувьд ч, дотор нь ажиллаж буй хүний хувьд ч шүүмжлэлтэй хандах зүйл бишгүй байдаг. Үүнд түрүүн хэлсэнчлэн дан хэвлэлийн байгууллагаас гадна гадны хүчин зүйлс их нөлөөлдөг. Гэхдээ дотоод асуудлаа шийдчихвэл гадны “халдлага” эрсдэлээс төдий чинээ хамгаалагдана. Дүрэм журмаа мөрдөөд зөв явбал хэнээс, юунаас айх вэ дээ.

Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол юуны өмнө иргэдийн мэдэх, мэдээлэл авах эрх. Хүн болгон өөрийн үзэл бодолтой байж, түүнийгээ илэрхийлэх эрхтэй. Гэхдээ олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бол тодорхой хэм хэмжүүр, ёс зүй байдаг. Хувийн үзэл бодлоо илэрхийлмээр байгаа бол олон хүн цугласан газар чангаар ярих, бүр цаашилбал сошиал медиа сүлжээгээр нэрээ хэлээд илэрхийлж болно. Б.Цэнддоо гуай гоё хэлсэн байдаг ”Бидэнд ардчилал нэрээ нуулгүй үгээ хэлэх эрх чөлөө олгосон юмаа” гэж.

-Хэт олон чанаргүй телевиз байна гэх шүүмжлэл сүүлийн үед эрс нэмэгдсэн. Телевиз удирдаж яваа хүний хувьд та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Олон гэж хэдээс эхэлдэг юм бэ? За за, тоглосон юм. Өөдрөгөөр харвал, хэвлэлийн бизнес яваандаа уншигч, үзэгч, сонсогчийн итгэл дээр суурилсан бизнес болох байх гэж найдаж байна. Яагаад гэвэл уншигч, үзэгчийн түвшин, эрэлт шаардлага жилээс жилд өсч байна. Зүйрлэж хэлбэл, банк харилцагч, хадгаламж эзэмшигчиддээ буруу мэдээлэл өгөх, итгэлийг нь алдвал дампуурдагтай яг адил зарчим үйлчилнэ. Эсвэл удсан материалаар хийдэг, амтгүй хоолтой ресторанд хүн орохгүйтэй адил. Сонголт арвин байна. Тооны өсөлт чанарт шилжих байх. Ёстой л “Зэрэг нэмэхийн өмнө” л юм уу, хэ хэ. Олон янзын мэдээлэл дундаас хэрэгтэйгээ авах нь хувь хүний асуудал байх.

-Танай телевиз “Бүгдийг бус чухлыг” гэсэн уриатай. Хамгийн чухал нь танд юу вэ?

-Өнөөдөр надад хамгийн чухал мэдээлэл цаг агаарын мэдээ л байна даа. Нүүрсний үнэ энэ тэр сонин биш байна. Цасан шуурга болно гэж бүх л телевизээр зарлаад байхад жаахан хүүхдээ малд явуулж эрсдэлд оруулж буй хэрнээ уул уурхайн гэрээ буруу болж гэсэн юм ярьж суугаа хүнийг мэдээлэлтэй, мундаг  гэх үү, юу гэх вэ.

-Мэдээллийн сайтуудын ассоциаци “Онлайн марафон” аяныг “Хэвлэлийн эрх чөлөөг бүтэн болгоё” уриатайгаар хэрэгжүүлж байгаа юм байна. Иймэрхүү ажлууд нь хэр үр дүнтэй байдаг юм бол. Та хувьдаа дэмжиж байна уу?

-Дэмжихгүй бол чамд алуулах байлгүй дээ. Одоо хэвлэлийн эрх чөлөөгөөр 98-д байгаа бол жилийн дараа 20 байраар урагшлая гэдэг ч юм уу зорилго тавьж байгаа гэж  ойлгосон. Түүний тулд миний бодлоор, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуайн санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг баталбал урагш нэг алхам хийж зэрэг нэмэх байх. Манайхан зарим нь жаахан буруу мэдээлэлтэй байсан уу, яасан. Гол утга санааг нь ойлголгүй эсэргүүцээд байсан.

.Ярилцсан Г.САРУУЛ

Эх сурвалж: www.SHUUD.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж