Хуучирсан мэдээ: 2010.06.03-нд нийтлэгдсэн

Амталсан загас

Амталсан загасаар ширээгээ чимэхээс тань өмнө загасыг хэрхэн яаж бэлтгэвэл хялбар хийгээд амтлаг байдаг тухай зөвлөе. Загасны хайрсыг цэвэрлэхээс өмнө давс түрхвэл гулгамтгай байдал нь арилж, цэвэрлэхэд илүү хялбар болдог. Загасыг сүүтэй усанд чанавал мах нь илүү амтлаг болно. Загасыг шарах үедээ хайруулын тавгандаа хэдэн ширхэг хэрчсэн төмс хийвэл эвгүй үнэр нь арилна. Загасны махыг хатсан талхтай хольж машиндвал илүүдэл шингэн нь гарч амттай болдог.

Махыг 25-30 хэмийн бүлээн усаар угааж, хүйтэн усаар зайлна. Угаасны дараа мах нь хурдан мууддаг тул удаан хадгалах хэрэггүй. Махыг чанахдаа эхлээд давс хийвэл амт  чанарaa алддаг тул махаа бэлэн болохоос нь 30 минутын өмнө давсаа хийгээрэй.

Шарсан махыг зөөлөн, амттай болгохын тулд шарахаасаа нэг цагийн өмнө горчиц түрхэж орхино. Махыг худалдан авахдаа шинэ хуучин гэдгийг нь ялгаж чаддаг байх хэрэгтэй. Шинэ махыг хэрчихэд бага хэмжээний шүүс ялгардаг байна. Харин хөлдөөсөн махыг гэсгээж, хэсэгчлэн хуваасан бол хуучин мах байдаг. Ийм мах нь чанараа алдсан байдаг билээ. Хуучин мах авсан тохиолдолд шарж хэрэглэхээсээ илүү удаан чанаж хэрэглэвэл элдэв нян нь үгүй болох сайн талтай.

Хэмжээ:
2 порц
Орц:

  • Цэвэрлэсэн загас – 400 гр
  • Сармис – хоёр хумс
  • Нимбэг – нэг бүтэн
  • Гич – хоёр цайны халбага
  • Давс – нэг цайны халбага
  • Элсэн чихэр – нэг цайны халбага
  • Ус – хоёр хоолны халбага
  • Ургамлын тос – хоёр хоолны халбага
  • Укроп – нэг хоолны халбага
  • Хэрчсэн төмс, лууван

Хийх арга:

Төмс, луувангаа уураар жигнэж болгоно. Сармисаа цэвэрлээд давсны хамт ууранд хийн, нухаш болтол нь нүдэж, холиорой. Дээр нь нимбэгний шүүс, гич, элсэн чихэр, усыг нэмж сайтар хутгах хэрэгтэй.

Хайруулын тавганд  ургамлын тосоо хийж, сайн халаагаад, цэвэрлэж бэлтгэсэн загасаа хийж, тал бүрээр нь нэг минут орчим шар. Үүний дараа дээр бэлтгэсэн сармис, нимбэгний нухшаа хийж, зөөлөн гал дээр таван минут орчим жигнэ. Дараа нь тагийг нь авч, дахин таван минут шараад амттай загас бэлэн болно. Үүнийгээ хэрчсэн лууван, төмсөөр хачирлаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж