Г.Энхбаатар: Байлдагч амиа егүүтгэсэн нь тогтоогдсон

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

Г.Энхбаатар: Байлдагч амиа егүүтгэсэн нь тогтоогдсон

 Зэвсэгт хүчний жанжин штабын ерөнхий зориулалтын цэргийн командлагч, хурандаа Г.Энхбаатартай ярилцлаа.

-Сүүлийн үед цэргүүд амиа хорлосон тохиолдол удаа
дараа гарлаа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Өвөрхангай аймгийн Зэвсэгт
хүчний 256-р ангид хугацаат цэргийн алба хашиж байсан байлдагч 26
настай Б  учир битүүлгээр амь насаа алдсан. Үүнийг хэвлэл,
мэдээллийнхэн янз бүрээр бичиж байна. Үүнд та үнэн бодит хариулт
өгөхгүй юу?

-Зэвсэгт хүчний 256-р ангид цэргийн албан хаагч
өөрийгөө боомилон нас барсан  харамсалтай  хэрэг өнгөрсөн ням гариг
гарсан. Энэ хэрэг гарсны дараа ангийн захирагч, хурандаа  Д.Пүрэвдорж
Зэвсэгт хүчний жанжин штабт илтгэсэн.  Тус штабын даргын тушаалаар
ажлын хэсэг томилогдож, ангийн байрлалд очиж, шалгалт явуулсан. Энэ
ажлын хэсгийн бүрэлдэхүүнд би оролцож ажиллаад өчигдөр ирлээ.  Хэрэг
гарсан өдөр цэргүүд оройн хоолонд жагсахад  байлдагч Б байхгүй байсан
юм билээ. Тиймээс  түүнийг дууд гэж байр руу нь цэрэг оруулахад гадуур
хувцас, гутал, малгайгаа ыорон дээрээ орхиод өөрөө байхгүй байсан.
Тэгээд цэрэг байж болох бүхий л өрөөгөөр хайгаад олохгүй болохоор нь
эргүүлийн ахлагчид илтгэсэн байсан.  Ингээд оройн 20 цаг болсон
болохоор харанхуй болсон. Хаана байгааг бусад байр руу хэд хэдэн
цэргүүдийг  Б-г дуудуулахаар явуулахад байрны хажуугийн аваарын шатнаас
дүүжлэгдсэн байдалтай байсныг хоёр цэрэг хараад, шууд түүнийг барьж
авахад гар нь бүлээн байдалтай байсан гэсэн. Тэгээд уяаг тайлж, өргөж
буулгасан байна лээ. Энэ үед байрны өмнө байсан цэргүүд ирж, дарга нь
хиймэл амьсгал хийлгэж, жижүүрийн эмчийг дуудсан. Эмч ирээд үзлэг хийж,
нас барсныг нь  тогтоосон байна. Тэгээд хүн оруулахгүйгээр хамгаалалт
авч, бусад удирдлага жижүүр болон аймгийн цагдаагийн газарт мэдэгдсэн
юм билээ. Ингээд цагдаагийн шалгалтын ажлын хэсэг зургаан хүний
бүрэлдэхүүнтэй  хэргийн газарт шалгалт хийж, талийгаачтай хамт байсан
цэргийн албан хаагчид болон ойр дотны нөхөд, шууд захирах дарга нарыг
дуудан уулзаж, байцаалт явуулан 05 цаг хүртэл ажилласан. Бид маргааш
өглөө нь хэрэг гарсан байдалтай танилцаж, түүнд нөлөөлөх цэргийн албаны
талаар мөн харьцааны зөрчил болон тухайн хүний алба хаасан  байдлыг
судалж үзсэн. Шалгалтаар ямар нэгэн гадны нөлөөлөл, дарамт, ямар нэгэн
харьцааны болон дүрмийн зөрчил илрээгүй.  Хэрэг гасны маргааш буюу
гуравдугаар сарын 1-нд шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсний дараа
хэргийг мөрдөж байгаа  цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч,
байцаагч нартай  уулзаж, хэргийн талаархи анхны дүгнэлтийг албан ёсоор
авсан. Дүгнэлтэд гадны нөлөөгүй, амьсгалын дутагдлаар  нас барсан нь
тогтоогдсон. Мөн “Бусад эд эсийн шинжилгээний хариу гараагүй хэрэг
үүсэх нөхцөл байдлыг шалгаж байна” гэж цагдаагийн газрын ахлах мөрдөн
байцаагч мэдэгдсэн байгаа.

-Байлдагч ямар учраас амиа хорлосон юм бол. Ний
нуугүй хэлэхэд, манай цэргийн байгууллагын удирдлага нь алба хашиж
байгаа цэргээ дарамтлах нь энгийн үзэгдэл гэсэн ойлголт байдаг. Энэ нь
амиа хорлох бас нэг шалтгаан болохыг үгүйсгэж болохгүй юм?

-Энэ асуудал нь энгийн  үзэгдэл болсон гэдэгтэй би
санал нийлэхгүй. Дарамт зодох, ахуй орчны  хүнд байдал нөлөөлөөгүй  нь
шалгалтын дүнд нотлогдсон. Гэхдээ ямар нэгэн шалтгаан байгаа байх.
Түүнийг мэргэжлийн мөрдөн байцаагч нар  тогтооно.

-Талийгаачийг дарга нь зодож, улмаар 100 мянган
төгрөг нэхсэн. Тэгээд аргаа барсан цэрэг амиа авч үлдэхийн тулд ядарсан
аав, ээжээсээ бодит байдлаа хэлж, 100 мянган төгрөг явуулаач гэсэн
мессеж илгээсэн гэх мэдээлэл хэвлэлд гарсан. Энэ үнэн үү?

-Ер нь манай нийгэмд сүүлийн үед  амиа егүүтгэх
сэдэлтэй хэрэг нэлээд гардаг болсон. Ийм байдал манай зэвсэгт хүчинд
гарсан нь үнэхээр харамсалтай, санаанд оромгүй явдал юм. Энэ асуудал
талийгаачийн ар гэрт болон бидэнд  үнэхээр хүнд байна. Гэтэл зарим
хэвлэлээр тухайлбал, “Үндэсний шуудан”сонины энэ  сарын 4-ний дугаарт
хэргийн  талаар огт болоогүй, худал мэдээлэл бичсэн байсан. 100 мянган
төгрөг шаардсантай холбоотой зүйл эцэг, эх нь  огт яриагүй гэдгийг
нотолж байгаа.  Мөн цагдаагийн мөрдөн байцаагч нар  гэр орондоо бусад
хүнтэй ярьсан яриаг шалгасан. Талийгаач бичиг үсэг огт тайлагдаагүй,
өөрөө мессеж бичиж чаддаггүй хүн байсан. Талийгаачийн аав бидэнтэй сая
холбогдож, “Яагаад ийм худал зүйл хэвлэл, мэдээлэл дээр гаргаж байгаа
юм бэ, бидний зовлон дээр зовлон нэмж байна. Бид хэнтэй харьцах вэ,
гомдолтой байна” гэж ярьсан. Хүмүүс хэвлэлд худал зүйл бичдэг гэж
ярьдаг. Би түүнд бүрэн итгэдэггүй. Бага зэрэг худлаа зүйл бичсэн ч гол
нь үнэн гэж боддог байсан.  Гэтэл өнөөдөр  огт худал зүйл бичиж байгаа
нь итгэх итгэлгүй болж байна. Жишээ нь, “Бүлэглэн зодож, амь насыг нь
хохироосон байж болох магадлалтай ажээ. Талийгаачийг тогооч хийдэг,
ямар нэгэн өвчин зовиургүй” гэж бичсэн байсан. Гэтэл талийгаач цэрэгт
ирэхээсээ өмнө аваарт орж, нурууны гэмтэлтэй болсон байсан. Тиймээс 
ангийн эмнэлэгт удаа дараа эмчлүүлж, шарлага, фикик эмчилгээ хийлгэж,
жагсаал, гүйлт,  хүнд ажлаас чөлөөлөгддөг байлаа. Мөн “жагсаалын дарга
нь хоёр байлдагчийн хамт  АКМ бууны бөгсөөр дотуур эрхтнийг нь бяцартал
зодож, жадны үзүүрээр олон удаа хатгасаар амь насыг нь хохироосон байж
болзошгүй” гэж  бичсэн байсан. Гэтэл энэ огт боломжгүй зүйл. Би
баримтаар хэлье. Хэрэг гарсан өдөр  ням гариг байсан. Бүх цэргүүд буу
зэвсэгт огт ойртоогүй,  байрандаа амарч байсан. Тиймээс Зэвсэгт хүчинд
гарсан ноцтой хэрэг боловч бүрэн тогтоогдоогүй байхад зориуд зэвсэгт
хүчний нэр хүндийг унагаах зохион байгуулалттай  явуулга гэж үзэж
байна. Гэхдээ энэ сонины Т.Баяраа гэдэг хүн бичихдээ тодорхой хүнээс 
мэдээлэл авсан байх. Иймээс  энэ гүтгэлэг мэдээлэл хийсэн хүн холбогдох
хариуцлагаа хүлээх ёстой. Хувь хүний сэтгэцийн байдлаас болж, гадны
ямар ч нөлөөгүй  үйлдэгдсэн харамсалтай хэргийг дөрөөлж бүлэглэн,
тарчлаан, байлдааны зэвсэг хэрэглэн, тамлан амь насыг нь хөнөөсөн гэж
бичиж байгаа нь үнэхээр  ноцтой гүтгэлэг юм. Энэ бол одоогийн  зэвсэгт
хүчний удирдлагын нэр хүндийг гутаах, түүний үйл ажиллагаа, зэвсэгт 
хүчний ололт амжилтад саад болох гэсэн зорилготой,  зохион
байгуулалттай  хүмүүсийн  үйл ажиллагаа  гэж ойлгохоос өөр аргагүй
байна. Гэвч энэ бол үнэхээр өрөвдмөөр сэтгэл зүйтэй хүмүүсийн  үйл
ажиллагаа юм. Үүний эзнийг заавал олно. Ард түмэн үнэнийг ялгаж, салгаж
ойлгоно гэдэгт итгэлтэй байна. Зэвсэгт хүчин бол ард түмнийх шүү дээ.

-Талийгаачийг бүлэглэн зодсон хэрэгт гурван хүнийг сэжиглэж байгаа гэсэн?

-Дээрх сонинд ингэж бичсэн байсныг үзээд Өвөрхангай
аймгийн цагдаагийн газар, ангийн удирдлагаас дөнгөж сая лавлалаа.
Талийгаачтай хамт үүрэг гүйцэтгэсэн  байлдагч, түүний салааны захирагч
зарим офицер, ахлагч нараас  байцаалт авсан. Одоогоор хэнийг ч хорьж
саатуулсан юм алга гэсэн. Харин түүнийг зодож амь насыг хөнөөсөн гэж
хэвлэлээр бичигдсэн жагсаалын дарга нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд
хандахаар болсон талаар сонслоо.

-Ганцхан 256-р анги бус 123-р ангийн ахлагч цэргийн
ур чадварын тэмцээний үеэр бие нь муудаж, амь насаа алдсан хэрэг
гарсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Тийм ээ. Өнгөрсөн сарын 23-нд төлөвлөгөөт “Марш
Тактик”-олон төрөлтийн ангийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион
байгуулах явцад байнгын бүрэлдэхүүний  салааны тэмцээний гурав дахь
гараанд гарсан  салааны  оролцогч, ахлагч, 28 настай А километр гаруй
замд гүйж яваад “Бие эвгүй байна. Гүйж болохгүй байна” гэхэд  эмч үзлэг
хийж цай уулгаж, эм өгөөд, гүйлтийн замаас гаргахад “Одоо гайгүй
боллоо” гэсэн юм билээ. Цаг гаруйн дараа дахин “бие эвгүй боллоо”
гэхээр нь ангийн эмнэлгийн машинаар авч яваад аймгийн эмнэлэгт очиж,
эрчимт эмчилгээний  тасагт  шилжүүлсэн боловч нас барсан. Талийгаач
тэмцээнд орохын өмнө  эмчийн үзлэгээр орсон. Спортоор хичээллэдэг,
барилддаг, сумын цолтой хүн байсан. Тус ангид 2000-2001 онд алба
хаасан. Дараа нь гэрээт цэргээр хоёр жил алба хааж өөрийн хүсэлтээр
2006 оноос ахлагч албан тушаалд томилогдож ажиллаж байсан туршлагатай
цэргийн ахлагч байсан юм.

Б.АНХАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж