Монголын кино урлагийн зөвлөлөөс дэлхийн киноны өдөрт зориулж хэвлэлийн хурал зохион байгуулсан байна. Тус холбоо нь кинонд технологийн шинэчлэл хийх зорилготой ажиллаж буй аж. Тэд “кино хийх бааз байхгүй болчихож. Ямар нэг киног хувь хүмүүсийн хөрөнгөөр, тэдний олж чадсан техникийн хүрээнд л хийж байна. Иймд энэ асуудалд анхаарах шаардлагатай байна. Манай сургуулиуд хүртэл телевизийн оператор бэлтгэж буй болохоос биш киноны оператор бэлтгэхгүй байна” гэв.
Киноны хуулийн хэлэлцүүлгийг тэд мөн онцолж, үүнд ач холбогдол өгч өргөн хэлэлцүүлэг зохион байгуулснаар ирэх намрын чуулганаар УИХ дээр хэлэлцэгдэх боломжтой гэсэн байна.
Кино урлагийн зөвлөл нь тодорхой уран бүтээлчдийн зөрчигдөөд буй эрхийг хамгаалах, кино уран бүтээлчдийг нэгтгэхийг хүсч буй аж. Тус зөвлөл нь одоогоор төрийн бус байгууллагын хэмжээнд ажиллаж буй бөгөөд “Монгол кино” нэгтгэлээс бусад бүхий л киночид нэгдээд буй гэв.
Б.ЭНХМАА