АН-ыг дэмжлээ гэж Б.Түвдэндоржийн аминд халджээ

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

АН-ыг дэмжлээ гэж Б.Түвдэндоржийн аминд халджээ

Хишиг-Өндөр сумын ИХ-ын дарга АН-ыг дэмжлээ гэж Б.Түвдэндоржийн аминд халджээ

-Орон нутгийн МАН-ын гишүүдийн дунд сөрөг хүчнээ үзэн ядах байдал хэрээс хэтэрч, хүний аминд хүрчээ-

Гурав хүрэхгүй сая хүн амтай манай улс сүүлийн жилүүдэд хэдхэн намын харъяаллаар бие биенээ ялгаварлан гадуурхах нь ихэсчээ. Тэр тусмаа хөдөө орон нутагт энэ байдал хэрээс хэтэрч, улс төрийн сонгуульт ажилтай эрхэм нутгийн жирийн нэгэн иргэний аминд хүрсэн байна.

Тодруулбал, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд энэ сарын 27-ноос 28-нд шилжих шөнө МАН-аас сонгогдсон сумын иргэдийн хурлын дарга Н.Мөнхгэрэл гэгч тус сумын иргэн Б.Түвдэндоржийг “Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ардчилсан намыг дэмжлээ” гэж түүний эрүүл мэнд, амь насанд халдсан байна.

Болсон явдлыг хохирогчийн гэр бүлийн хүнээс тодрууллаа. Хохирогч Б.Түвдэндорж 21.00 цагийн орчим хойд гудамжинд амьдрах айлаас хөрөөг нь гуйхаар оржээ. Тэгтэл тэр айлд сумын иргэдийн хурлын дарга Н.Мөнхгэрэл нарын хэд хэдэн хүн мах чанаж идэн, архи уугаад сууж байжээ. Тэд хохирогч Б.Түвдэндоржийг орж ирэнгүүт “Нутгийн хүүхэд наашаа суу. Хэд татчихаад гарна аа. Буян даана шүү” гэх мэт үг унаган архи хийж өгчээ. Яг энэ үед телевизээр АОХН-ийн сайд нарын бага хурлын нээлт гарч, улс төрийн нэр бүхий гишүүд үг хэлсэн байна. Гэтэл иргэдийн хурлын дарга Н.Мөнхгэрэл “Чи аль намыг дэмждэг билээ” гэж асуужээ. Хариуд нь хохирогч Б.Түвдэндорж “Надад Ардчилсан нам аятайхан санагдаад байгаа. Би саяхан АН-д элссэн. Тиймээс намаа л дэмжинэ” гэж юу ч бодолгүй хариулсан ажээ. Гэтэл сумын иргэдийн хурлын дарга Н.Мөнхгэрэл “Чи муу нусгай АН-ыг дэмжлээ” гэж Б.Түвдэндоржийг өшиглөж гарчээ. Тэдний дэргэд байсан хүмүүс Н.Мөнхгэрэлийг болиулах гэж хэрдээ ноцолдсон байна. Хохирогч Б.Түвдэндорж ч түүний хөл доороос арай гэж мултраад хаалгаар гарч гүйжээ. Гэтэл Н.Мөнхгэрэл яах ийхийн зуургүй машинаа унаж, хохирогч залуугийн араас ирээд, машинаараа Б.Түвдэндоржийг мөргөж унаган, машиндаа чирч оруулаад Хишиг-Өндөр сумын зүүнтэй давхин одсон байна.

-“Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН-ыг дэмжлээ” гэж машинаар түүнийг хэд хэдэн удаа дайрчээ-

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Хишиг-Өндөр сумын иргэдийн хурлын дарга Н.Мөнхгэрэл хохирогч Б.Түвдэндоржийг сумын төвөөс зүүн тийш холгүйхэн хээр аваачин буулгаад, “Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН-д элсэж, тэднийг дэмжлээ” гэж машинаараа дайрч дээгүүр нь хэд хэдэн удаа гарсан байна.

Хохирогч Б.Түвдэндорж гэх 20 гаруйхан настай энэ залуу өнөөдөр үхэл амьдралын заагт ухаангүй, Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт байгаа ажээ. Түүний хэд хэдэн яс хугарч гэмтсэний зэрэгцээ дотуур цус алдалт ихтэй, биеийн байдал хүнд байгаа талаар албаны эх сурвалж мэдээлэв.

Харин Хишиг-Өндөр сумын Иргэдийн хурлын дарга Н.Мөнхгэрэлд Булган аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Сэжигтэн Н.Мөнхгэрэл цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө "Би хэрэг болсон талаар юу ч мэдэхгүй байна. Нэг мэдсэн айлын хүүхдийг цус нөжтэй нь хутгасан байсан. Хүмүүс болиоч ээ гэж хашгираад байсан, тэгэхэд сэхээ орсон. Архи уугаад тасарчихсан юм шиг байна лээ" гэхээс өөр зүйл ярихгүй байгаа аж.

Б.БАТМӨНХ

Эх сурвалж: www.medee.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж