Урдын танил улирлын асуудлууд

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

Урдын танил улирлын асуудлууд

Өнгөрсөн жилийн өдий үеийн өдөр тутмын сонинг аваад хараад үзээрэй. Нийгмийн асуудал хөндсөн нүүрэнд нь ямар сэдвийг хөндсөнийг хараад орхи. Одоо өнөөдөр урд тань байгаа сонингуудаас сэдвийн материалыг нь хар. Жишээ болон дүрүүд нь өөр болохоос биш хөндөж буй асуудал нь бараг адил. Өвлийн улиралд утааны тухай, зуны улиралд үер усны тухай, хаврын улиралд шороо, өвчлөл нэмэгдсэн тухай, харин намарт түймэр гээд өнөөх л танил асуудлууд нэгэн хэмээр үргэлжилнэ. Энэ хаврын асуудлууд ч өнгөрсөн жил, түүний өмнө жил байсан шигээ дахиад л давтагдах нь.

Айлуудын цонхонд онгорхой байх хувь гэж алга бололтой. Хүйтрээд айлууд нүүрсээ түлж эхэлсэн цагаас угаартуулах тул цонхыг онгойлгох боломжгүй. Гэтэл гэр гадаагүй дулаарч байгаа ч онгойлгоогүй хэвээр. Учир нь угаарын оронд шороо орж ирдэг болсон. Хөлс  цутгаж халууцсан ч сэрүүцэх боломж үгүй. Хүүхдүүдэд нь гадагш гарч салхилах боломж бас л үгүй. Сул шороо, тоосон дунд булагдахгүйн тулд аав ээжийнхээ амралтын өдрөөр хотын төв рүү орж салхилуулах боломжийг хүлээхээс аргагүй. 

Шорооноос ч илүү зовоодог зүйл бол үнэр. Үнэр гэдгийг тодруулбал, өмхий. Өвлийн улиралд битүүрч “данхраадсан” жорлонгийн хэдэн мянган нүхнүүд дулаан орохтой зэрэгцэн үнэрээ ханхлуулна. Гудамжинд хальсан угаадаснууд ч үүнд нэмрээ оруулна.  Өвөл халтиргааны үүргийг биелүүлж байсан бол гэсэнгүүт нянгийн голомт болно. Сургууль цэцэрлэгүүдийн хувьд хаврын улирал халдварт өвчний дэгдэлтийн оргил нь. Энэ нь өнөөх хамаг бохир нь агаарт ууршдаг, тоос шороо нь дэгдэж эхэлдэгтэй ч холбоотой.     

Халдварт өвчин ийн нэмэгддэгийн адил онц ноцтой гэмт хэргийн тоо ч өсдөг. Албан мэдээнээс онц ноцтой, гаж донтонгуудын гэмээр хэргүүд хаврын улиралд эрс нэмэгддэг болохыг харж болно. Үүнийг “хаврын синдром” гэх тодорхойлолтоор тайлж болно. Улс төрийн амьдралд ч, сэтгэцийн өвчтөнүүдийн амьдралд ч хаврын улирал өвчин хуучийг сэдрээж орхидог. Энэ мэтчилэнгээр урдын танил улирлын асуудлуудтай нэгэн хавар ирээд байна. Юу болдгийг нь мэдэж байгаа учраас яаж сэргийлэхдээ л анхаарахаас өөр аргагүй. 

Б.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж