Сансар судлаачид 520 хоног туршилт хийнэ | News.MN

Сансар судлаачид 520 хоног туршилт хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.03-нд нийтлэгдсэн

Сансар судлаачид 520 хоног туршилт хийнэ

Марс гариг руу нисэх аялал хүний биед хэрхэн нөлөөлөхийг судлах зорилгоор олон улсын судлаачид цонхгүй капсул дотор жил хагас орчим буюу 520 хоног тусгаарлагдан судалгаа хийх гэж байна. Энэ нь улаан нүдэн гариг руу сансрын нисэгчид нисч ирэх хугацаа гэж эрдэмтэд тооцоолж байна. Энэ пүрэв гаригаас эхлээд эрэгтэй зургаан эрэгтэй сансрын нисгэгч Москва хот дахь сансрын хөлөгний битүү, давчуу тусгай нөхцөл бүхий орчинд 520 хоног өнгөрүүлэх бөгөөд тэнд байхдаа нарийн дэглэм баримтлан дасгал хийж, хоолны дэглэм баримтлах болно. Зургаан судлаачийн гурав нь орос, нэг нь франц, нэг нь итали, нөгөө нь хятад хүн юм байна.

Энэ судалгааг Европын Сансрын агентлаг Оросын Биомедикал судалгааны хүрээлэнтэй хамтарч хийж байгаа бөгөөд ирээдүйд Марс гариг руу нисэх урт удаан хугацааны ганцаардмал аялал нисгэгчдийн биед ямар нөлөө үзүүлэхийг судлах юм байна. Энэ судалгаа зөвхөн Марс руу явах гэж байгаа хүнд ч биш, мөн дэлхий дээрх амьдралыг судлахад ч чухал ач холбогдолтой гэж судалгаанд оролцож байгаа Италийн оролцогч 27 настай Диего Урбина ярьж байна. Судалгааны дундуур шинжээчид сансар дахь аяллын орчинг дуурайлгах үүднээс удирдах багийнхантай интернетээр холбогдох бөгөөд холбогдолтын хооронд 20 минутын хиймэл тасалдал үүсгэх болно. Тэд мөн хиймэл сансарт гарч хөлгийн засвар тохиргоо болон шинжлэх ухааны туршилтууд хийх болно.

Үүнээс өмнө Марс 500 гэсэн судалгааны үеэр сансрын нисгэгчдийг урт хугацааны туршид бусдаас тусгаарлах судалгаа хийж байсан. Тус судалгааны эхний шатанд нисгэгчдийг 14 хоног бусдаас тусгаарлан нислэгийн болон үйл ажиллагааны процессыг туршиж шалгаж байсан. Түүний дараа 2009 онд дөрвөн орос, хоёр европ сансрын нисгэгчийг 105 хоног тусгаарлаж байсан юм. Өнөөг хүртэл улаан нүдэн гариг руу хүн нисгэж байгаагүй. АНУ-ын Сансар судлалын захиргаа (NASA), Европын сансар судлалын агентлагтай Марс гариг руу сансрын нисгэгч нисгэх тухай тохиролцоонд хүрэхэд ойрхон байгаа талаар энэ оны нэгдүгээр сард “CNN Radio” нэвтрүүлгээр ярьсан. АНУ-ын “NASA” ирэх оны сүүлээр Марс гаригийг судлах сансрын хөлөг нисгэхээр төлөвлөж байна. Уг хөлөг ердөө нэг тонн орчим жинтэй буюу жижигхэн автомашины дайны хэмжээтэй байх юм байна.

Т.Бадрах

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж