Н.Баяртогтох: Монгол үг 400 гаруй мянган мөртлөө төгсгөл нь гуравхан янз

Хуучирсан мэдээ: 2010.06.03-нд нийтлэгдсэн

Н.Баяртогтох: Монгол үг 400 гаруй мянган мөртлөө төгсгөл нь гуравхан янз

Улсын бүтээлч, зөвлөх багш Н.Баяртогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед хүмүүсийн сэтгэлийг зовоож байгаа асуудлын нэг нь зөв бичгийн дүрэм болжээ. Та зөв бичгийн дүрмийн “Цахим багш” бүтээл гаргасан гэсэн?

-Би боловсролын байгууллагад 47 жил ажиллаж байна.  Энэ хугацаандаа яавал богино хугацаанд зөв бичиж сургах, алдааг засах боломжтой вэ гэдэг эрэлд хатаж, эрлээ олсон  гэж бодож байна.  Энэ нь зөв бичих алгоритмийг олж, сургалтад хэрэглэсэн нь тодорхой үр дүнд хүргэсэн. Зөв бичихэд дэс дараатай таван үйлдэл хийнэ.  Нэг, үгээ бүтээврээр задална. Хоёр,тодорхойлно. Гурав дүрмээ сонгоно, дөрөв, шийдэж бичнэ. Тав өөрийгөө шалгана.  Энэ таван үйлдлийг товч бичиглэл хэрэглэн томъёоны хэлийг буй болгосон юм. Томъёоны хэл нь зөв бичсэн эсэхээ шалгах боломжийг бүрдүүлсэн юм.  Улмаар дээрх аргыг орчин үеийн технологийн ололтод тулгуурлаж программчлах санаа сэдэж, сайн нөхөдтэйгээ программчилж чадлаа.  Үгийг яаж бичих вэ гэдгийг хэнээс ч асуухгүй харин компьютероосоо асуух боломжтой болсон юм.  Программчлахдаа цогцолбор зүйлийг багтааж цомог гаргасан. Цомгийн маань нэр нь “цахим багш”.

Үүнд доорх зүйл багтана.

1.180 минутын видо хичээл
2.Дасгал ,дадлага, сорил, цээж бичиг
3.Зөв бичих дүрмийн программ
4.Цахим сурах бичиг
5. Зөв бичихэд сургах тоглоом
6.Толь/ хүнд үгийн/  Түүнчлэн дүрэм бүрд тохирсон зөв бичгийн дүрмийн толь багтсан.

-Дүрэм гэснээс дунд сургуульд маш олон дүрэм үздэг болохоор хооронд нь хольж андуурах тохиолдол бий. Сүүлийн үед энэ байдал улам нь газар аваад байх шиг?

-Ерөнхий боловсролын дунд сургуульд зөв бичгийн дүрэм заахад нэг том алдаа байгаа юм.  Энэ нь  нэгж хугацаанд нэг орон зайд, хамт заах зүй тогтолтой сэдвийг хэсэглэн тасдаж, зааснаар системтэй мэдлэг өгч чадахгүй  хүүхдийг төөрөгдүүлээд байна. Зөв бичих дүрмийг заахад үгийн тогтолцоог ойлгуулж чадвал  цөөхөн дүрэм байгаа юм. Тухайлбал, монгол үг 400 гаруй мянган мөртлөө төгсгөл нь гуравхан янз. Гийгүүлэгч, урт эгшиг, я, ё, е гэсэн богино эгшиг байдаг. Түүн дээр залгаж байгаа 400 гаруй залгавар нь бас гурван янзын эхлэлтэй. Энэ гурвын нийлц дээр үндсэндээ ганцхан дүрэм байгаа юм. Тэр нь балархай эгшгийн дүрэм. Жишээ нь гар, гарал, гарам, гаралт, гарангаа, гармагц, гарлаа, гарвал гэхэд балархай эгшиг шаардлагатай бол жийрэглэж байна. Шаардлагагүй бол жийрэглэхгүй байгаа биз. Гармыг , гармаас, гармаар, гармууд гэхэд гээж байна. Бас л балархай эгшиг шаардлагагүй болсон учир гээж байна.  Ингэж ерөнхий зүй тогтлыг нь зааж өгвөл зөв бичихэд сандарч, төөрөлдөхгүй.  Ер нь энгийнээр хэлэхэд, зөв бичнэ гэдэг эгшиг гийгүүлэгчийг шүтэлцүүлнэ гэсэн үг л дээ.

-Та  ЕБС, болон их дээд сургуулиудын оюутнуудын зөв бичиж байгаа эсэхэд нь судалгаа шинжилгээ хийж үзсэн үү?

-Зөв бичих дүрмийг өнөөгийн сургалтын программ ёсоор 1-5 дугаар анги хүртэл зааж байна.  Ингэж олон анги дамжуулж урт хугацаанд заах шаардлагагүй гэж үздэг. Зөв бичгийн дүрэмд 4,5-12 цаг л хэрэгтэй. Үүнийг би  дадлага туршлагаараа баталсан юм.  Үүнийгээ ч дээр ярьсан. Дунд сургуульд зөв бичиж сураагүй хүүхэд их дээд сургуульд ороод зөв бичих дүрэмд нэмж суралцана гэж үгүй юм билээ.  Би хувийн дээд сургуулийн 20-иод оюутнаар 120 үгтэй цээж бичиг бичүүлэхэд хамгийн цөөхөн алдаатай бичсэн нь 12 алдаа гаргасан. Хамгийн их бараг 100-аад үг алдсан. Энэ цээж  бичигт ихэвчлэн дүрэм шаардсан үг байсан.  Дунд сургуульд дүрмээ хэрэглэж гаршаагүйн бодит жишээ юм.

-Сүүлийн үед бүр ном хэвлэл сэтгүүл сурталчилгааны самбаруудын үг алдаатай харагддаг?

-Тийм ээ. Бүгд л дүрмийн алдаатай байдаг. Хамгийн энгийн хүн бүхний мэддэг эр эм эгшиг зохицуулан бичих дүрмийг алддаг.  Жишээ нь газрын гэхийг газрийн гэж бичдэг. Хоногийн газар гэхийг хонгын газар гэж бичсэн байх жишээтэй. Сонин дээр суйлж унагав гэхийг суйлж унгав гэж “Бөхчүүд” сонин дээр бичсэн байна лээ гэх мэт жишээ олныг хэлж болно.  Уламжлалын зарчмаар бичдэг үгийг  Академич Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын  толь бичгийг баримтлан бичихийг зөвлөе.

-Зөв бичгийн дүрмээс гадна найруулга зүйн асар том алдаатай бүтээл багагүй хэвлэгдэх болжээ?

-Энэ тухай миний санал бол бүх их дээд сургуульд найруулга зүйн хичээл орох хэрэгтэй.  Сонин сэтгүүл, зар сурталчилгааны найруулга их муу байдаг. Тухайлбал, угаалгын нутгийн рекламд “Цагааныг цайруулна” гэж бичсэн байсан.  Тэр  нутаг чинь өнгө оруулдаггүй харин ч бууруулдаг болж таарч байна. Найруулна гэдэг хамгийн анхны мэдлэг, өөрөөр хэлбэл амин сүнс нь үг сонгох явдал юм.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж