Сонгинохайрхан дүүргийн залуу багш нарын зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2010.06.03-нд нийтлэгдсэн

Сонгинохайрхан дүүргийн залуу багш нарын зөвлөгөөн боллоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт 44 цэцэрлэг, 14 сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дүүргийн хэмжээнд нийт 680 гаруй залуу багш нар ажилладаг байна. Эдгээр багш ажилчдыг хамруулсан  “Залуу багш нарын холбоо” ТББ нь өнгөрсөн тавдугаар сард байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Одоогоор багш бүр 1000 төгрөг хандивлан нийт 680,000 төгрөг босгон СХД-ийн 107-р цэцэрлэгийн гадна талбайд усан оргилуур бүхий тохижилт хийгээд байна.

Тус холбоо болон СХД-ийн Засаг даргын санаачлагаар өнөөдөр “Залуу багш нарын зөвлөгөөн”-ийг анх удаа зохион байгууллаа.  Зөвлөгөөнөөс залуу багш нарын үнэлэмжийг дээшлүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар тодорхой саналууд дэвшүүлж, уриалга гарган дүүргийн Засаг дарга Ц.Болдод хүргүүлсэн байна. Тус арга хэмжээнд СХД-ээс нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр нар оролцож баяр хүргэн, дөрвөн залуу багшид өргөө цагаан гэр бэлэглэж цаашдынх нь амьдралд амжилт хүслээ.  Хоёр гишүүний хувьд хүүхэд багачуудын сурч боловсрох ая тухтай нөхцөл бололцоогоор хангах үүднээс ихээхэн анхаарал хандуулж ажилладаг бөгөөд 2009 онд 74, 104, 106, 107-р сургуулиудад орчин үеийн биеийн тамирын иж бүрэн талбай байгуулж, зарим сургуулиудад иж бүрэн комьпютерийн кабинет тохижуулж өгсөн.  Энэ онд дүүргийн 42, 9, 67, 76, “Ирээдүй” цогцолбор сургуулиудад нэрэмжит кабинет, спорт талбай байгуулах ажил эхлэх шатанд явж байгаа юм. Ийнхүү хүүхэд багачуудын төлөө бүтээлч ажил өрнүүлж байгаад залуу багш нар баярлаж талархаж байдагаа энэ үеэр илэрхийллээ.
Дээрх зөвөлгөөнийг хойшид жил бүр зохион байгуулахаар тогтсон байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж