Бүдүүн, баргил хоолойгоороо олонд танигдсан дуучин Б.Дэлгэрбаяр болоод түүний төрсөн дүү Б.Одмандахыг “Universe best songs” наадмын шилдэг 25 оролцогчийн нэг гэдгээр нь үзэгчид илүүтэй таних биз ээ. Урлагийн салбарт ах дүү хоёр өөрийн авьяас билэг, хоолойн чадлаараа энэ наадмыг чимж байсан нь саяхных. Тэгвэл “Universe best songs”-ын ховорхон хоолойтой оролцогчдын нэг байж, өөрийгөө тод томруунаар тунхаглаж чадсан залуу дуучин Б.Дэлгэрбаяр “Мелодия” уран бүтээлийн тайлан тоглолтоо ганцхан удаа тоглох гэж байна. Сэтгэлд хоногшсон, Оросын алдарт дуунуудаас бүрдсэн энэхүү тоглолтод УДБЭТ-ын симфони найрал хөгжим, тус театрын удирдаач Л.Нямдаш нарын уран бүтээлчдээс гадна дуучин залуугийн багш, Зууны манлай дуурийн дуучин, Төрийн шагналт, Ардын жүжигчин Х.Уртнасан ерөнхий найруулагчаар оролцох юм.
Б.Дэлгэрбаярын “Мелодия” тоглолт тавдугаар сарын 7-ны 18.00 цагт Тусгаар тогтнолын ордонд болно.