Нобелийн энх тайвны төлөөх шагналт, Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч Ан Сан Су Чи дөнгөж сая хэвлэлийнхэнтэй уулзаж, мэдээлэл хийлээ. Хатагтай Ан Сан Су Чи Монгол Улс, Мьянмар улс хоёр дипломат харилцаа тогтоож, найрсаг сайн сайхан харилцаатай болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна гэдгээ энэ үеэр илэрхийллээ. Энэ тухайгаа “Тийм боломж ч тавигдаад эхэлсэн. Бид үнэт зүйлс нэгтэй, ардчилсан замналаар замнаж байгаа, мөн нэг бүсэд оршдог. Дэлхийн эдийн засгийн хувьд Монгол, Мьянмар улс нь дэлхийн хоёр том алтны уурхай гэж яригдаж байгаа. Тэр утгаараа хуваалцах ч юм бий, нэг нэгнээсээ суралцаж хамтрах давших боломжууд ч байгаа” гэсэн юм.
Мөн Мьянмар улсын хувьд хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллах шаардлага бий гэдгийг онцлон тэмдэглэж байна. Одоогоор хүссэн хэмжээгээр гадаадын хөрөнгө оруулалт орж ирж эхлээгүй байгаа. Гэхдээ эдийн засгийн эрхийг хэрэгжүүлэхдээ өөрсдийн сонголтоо ухаалаг хийхгүй бол төрийн зүгээс буруу хэлбэрээр хэрэгжүүлчихвий гэх болгоомжлол бий. Тийм учраас Мьянмарын ард түмэн төр засгаас хариуцлагатай байдал, ухаалаг зөв холыг харсан шийдвэрүүд популист биш амлалт өгөх эр зоригийг хүлээж байгаа” хэмээн тодотголоо.
Түүнчлэн хатагтай Ан Сан Су Чи 2015 онд Мьянмар улсад болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа гэдгээ онцоллоо.
Г.ДАРЬ