Ан Сан Су Чи монголчуудад лекц уншлаа

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Ан Сан Су Чи монголчуудад лекц уншлаа

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийн Сайд нарын долдугаар бага хуралд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад айлчилж буй Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч Ан Сан Су Чи өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамт Төрийн ордонд лекц уншлаа. Лекцэнд төрийн албан хаагчид, залуус, иргэдийн төлөөлөл оролцож, Ан Сан Су Чигаас хүссэн асуултаа асуусан юм. “Түрэмгийллээс түрэмгийлэл төрдөг. Тиймээс ардчиллыг энхтайвны аргаар олж авах ёстой. Ардчиллыг олж аваад удсан байна уу, авах гээд тэмцэж байна уу, хамаагүй. Хамгийн гол нь эхнээсээ зөв замаар явах ёстой” гэдгийг Мьянмарын ардчилсан хөдөлгөөний удирдагч Ан Сан Су Чи онцлов. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Нэг даргыг нөгөө даргаар солихыг ардчилал гэхгүй. Даргын эрхийг ард түмэнд өгөх нь ардчиллын гол зорилго” гэж илтгэлдээ дурдлаа.

Хатагтай Ан Сан Су Чийн ардчиллын төлөө оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж, Нобелийн шагналын хорооноос Энхтайвны нобелийн шагнал хүртээж байсан юм.

Б.СҮХ








NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж