
Хамгийн анх АНУ-д 1998 оны дөрөвдүгээр сарын 30-нд “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя!” уриан дор тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2001 оноос эхлэн дэлхийн бусад улс орнууд “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя” олон улсын өдөр болгон дэлхий нийтээрээ тэмдэглэгдэг болжээ. Тэмдэглэлт өдрийн хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагаа нь хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж, эцэг эхчүүд хүүхдээ зодож шийтгэлгүйгээр хүмүүжүүлэх талаар хэлэлцэж, бусад үйл ажиллагааг зохион байгуулдаг аж.
Монголд энэ өдрийг 2008 онд Хүүхдийг ивээх сангаас санаачлан Хүүхдийг зодож шийтгэхгүй байх өдрийн хүрээнд хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн үйл ажиллагааг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм байна. Энэ жилийн үйл ажиллагаанд Хууль зүйн яам, Чингэлтэй дүүргийн ИТХ, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, дүүргийн ЗДТГ, Хүүхэд хамгааалал үндэсний сүлжээ, Хүүхэд хүүхдийн төлөө ТББ, хүүхдүүд хамтран хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох, олон нийтэд мэдээлэл өгөх өдөрлөгийн арга хэмжээг өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа.
Тус өдөрлөгөөр хүүхдийг зодож шийтгэхийг хориглон хуульчилахыг дэмжсэн олон нийтийн гарын үсэг цуглуулах, хүүхдүүдийн мэндчилгээ, эцэг эхчүүдэд зориулсан хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын зөвлөгөө, мэдээллүүд, хүүхдийн бүтээлийн болон гэрэл зургийн үзэсгэлэн, дунд сургуулийн сурагчдын flash mob зэрэг үйл ажиллагаа боллоо.