Буцаах аргагүй буухиа айлчлал

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Буцаах аргагүй буухиа айлчлал

Манай улсын гадаад харилцаанд дэлхийн чихийг дэлдийлгэх үйл явдал олонтаа тохиож байна. Сэтгүүлчдийн тодорхойлсноор “Дэлхийг Монголдоо багтаасан” Ардчилсан орнуудын сайд нарын долдугаар бага хурал өчигдөр өндөрлөлөө.  Ардчилсан оронд л байдаг иргэд нь үг хэлэх эрх чөлөөтэй гэдгийг бага хурлын үеэр болсон эсэргүүцлийн жагсаал батлаад амжсан. Бага хуралд оролцсон дэлхийн өнцөг булан бүрийн 104 орны зочид Монголыг өөр өөрийн нүдээр тольдоод буцлаа. Сайд нарын бага хурлын дуулиан шуугиан намжаагүй байхад дараагийн нэгэн зочны айлчлал анхаарал татаж эхлэв. Тэр хүн бол “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И. Якунин. Тэрбээр ирэх тавдугаар сарын 12-ны өдөр Монголд ирнэ. Түүний айлчлал  ердөө нэг өдрийн хөтөлбөртэй гэнэ. Монгол Улсын  Ерөнхий сайд болоод Зам тээврийн сайдтай уулзаад буцах богино хугацааны айлчлалын талаар холбогдох байгууллагууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. В.И.Якунин уг нь  Монголд олон удаа ирсэн. Ирэх бүрдээ сэтгүүлчдийн анхаарлыг татаж байдаг ч тухайлан аль нэгэн хэвлэлд нь ярилцлага өгч, “сэтгэл”-ээ нээсэн нь үгүй. Танил боловч албархаг хөндий байдлаар асуудлыг шийдчихээд буцдаг В.Якуниний энэ удаагийн айлчлал өөрийнх нь хүсэлтийн  дагуу болж буй гэдгээрээ урьд урьдынхаас ялгаатай.

Дөрөвдүгээр сарын 17-ны өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд В.В.Самойленко “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якуниний хоёр дахь захидлыг Ерөнхий сайдад өөрийн биеэр гардуулсан. Эхнийх нь захидал эзэндээ хүрч амжаагүй байхдаа алдагдаж, хэвлэлд нийтлэгдсэнээс ийн хаширласан хэрэг биз ээ. Алдагдсан болоод хоёр дахь захидалд чухам юун тухай бичсэн нь нийтэд тодорхойгүй хэвээр байна. Захидал хүлээн авсан Ерөнхий сайдын хэвлэлийн алба болоод салбарын сайдын шадар туслахуудын зүгээс Оросын төмөр замын даргын айлчлалыг бараг л бидэнд хамаагүй гэсэн байр сууринаас хандаж байх юм. “Одоогоор ирэх өдрийг нь л мэдэж байна, айлчлалын хөтөлбөр гараагүй” гэхчилэн тодорхойгүй хариултаар сэтгүүлчдийг мохоож  сууна. Өнгөрсөн сард урилгагүй шахам ирсэн Тони Блейрийн айлчлалын түүхийг  В.Якунин үргэлжлүүлэх шахав. Их гүрний Ерөнхий сайд асан эрхмийн хувьд суудлаасаа хэдийнэ буусан болохоор үл тоосон байж болох ч ОХУ гэдэг их гүрний төмөр замын нийгэмлэгийг  2005 оноос хойш “хаанчилж” буй В.Якунинийг үл тоож боломгүй. Түүнийг  Тони Блейрийн нэгэн адил дэлхийн хүн гэвэл хэтийдсэн хэрэг болохгүй. Тэр дундаа төмөр зам гэдэг манай улсын хувь заяаг шийдэх амин чухал асуудлын нэг. Тийм байтал энэхүү айлчлалыг төр засгийн хүрээнд анзаарахгүй өнгөрнө гэж байхгүй. Гагцхүү дуулиан шуугианаас  холуур өнгөрөөх, дээд төвшний хэмжээнд уулзчихаад буцаах сонирхол байгааг үгүйсгэх аргагүй. Оростоо бол зам тээврийн сайд, бүр Ерөнхий сайдын сэнтийд ч ойрхон үнэлэгддэг энэ эрхэм Монгол Улсын Ерөнхий сайдад хувийн захидал илгээх, түүнийгээ элчин сайдаараа дамжуулан гардуулах болсноос харахад ч энэ удаагийн айлчлал ердийн хэрэг биш. Түүний энэ удаагийн айлчлалыг  шинэ төмөр замын бүтээн байгуулалттай холбон тайлбарлах хүн олон байна. “Монголын төмөр зам” компаниас зарласан тендерийн гадаад орныхонд нээлттэй 49 хувийг ОХУ дангаар эзэмших хүсэлтээ илэрхийлэх гэж байж болзошгүй гэсэн хардлага нэлээд хүчтэй байгаа бол  Улаанбаатар төмөр замын хувь эзэмшлийн асуудлыг хөндөнө гэж таамаглах нэгэн ч байна.

Айлчлал уулзалтыг манай талаас санаачлаагүй. Гэсэн хэдий ч Ерөнхий сайд болоод Зам, тээврийн сайдтай уулзах  В.И.Якуниний хүсэлтээс татгалзах, бултах аргагүй юм.

М.СУРА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж