
Их Британийн шүүхээс нэгэн эмэгтэйн жигшүүрт хэргийг авч хэлэлцээд таван жилийн хорих ял оноожээ. Их Британийн албаныхны мэдээлснээр нөхрөөсөө салсан америк эмэгтэй гурван өргөмөл хүүхэдтэй ба дөрөв дэх удаагаа хүүхэд үрчлэн авахад нь бэрхшээл учирсан тул 14 настай том охиноо эр бэлэг эсийн донор ашиглан удаа дараа жирэмслүүлсэн нь илэрсэн байна. Тэрээр охиныхоо умай руу тариураар үрийн шингэн тарьж жирэмслүүлсний дээр охиныхоо хүүхэд төрүүлэх магадлалыг нэмэгдүүлэх үүднээс түүнд цуу, лемон, лайм жимсний шүүс түлхүү хэрэглүүлж байсан гэнэ. Их Британийн цагдаагийн газраас мэдэгдсэнээр хэрэгтэн эмэгтэй Данийн “Cryos International” нэртэй компаниас интернэтээр дамжуулан эр бэлгийн эс худалдан авдаг байсан байна. Харин түүний охин 14 настайдаа хүчээр жирэмсэлснийхээ дараахан үр зулбасан бөгөөд үүнээс хойш зургаан удаагийн оролдлогын дараа 2011 оны долдугаар сард 17 настайдаа хүү төрүүлсэн аж. Их Британийн албаныхны зүгээс охины эрхийг хамгаалах үүднээс түүний нэрийг дурдахаас татгалзжээ.
Б.АНХТУЯА