“Оюутолгой” 2600 хятад ажилчин авна

Хуучирсан мэдээ: 2010.06.03-нд нийтлэгдсэн

“Оюутолгой” 2600 хятад ажилчин авна

Өмнөговь аймаг дахь Гашуун сухайтын боомтоор Оюутолгойн ажилчид гэсэн хаягтай баахан хятад ажилчид орж ирж байна. Өнгөрсөн тавдугаар сарын 29-нд буюу ердөө тав хоногийн өмнө хил дээр очоод амьдрах байшингийн хавтангаа аччихсан баахан хүмүүс цувж, Хятадын талаас Оюутолгойд ажиллах гэрээтэй ажилчдыг дараалал, дугааргүй яаралтай нэвтрүүл гэж дарамталсан гэсэн чих сэртхийлгэм яриа өвсөнд ассан түймэр шиг тархав. Албаны эх сурвалжаар тодруулснаар бол үнэхээр ч Оюутолгойд ажиллах гэж байгаа гэсэн “хаяг”-тай 30 гаруй хүн хилээр нэвтэрсэн гэлээ. Энэ бол “баахан” гэсэн тодотголд тохирохооргүй тоо ч Оюутолгой 2600 хятад ажилчин оруулж ирэх гэж байна гэсэн яриаг баталж, илүү анхаарал татав.
“Оюутолгойн орд газарт ажиллуулахаар 2600 ажилчин оруулж ирэх гэж байна гэсэн энэ мэдээг үгүйсгэсэнгүй. Өнөө маргаашдаа гэхгүй ч энэ жилдээ багтаан 2600 ажилчин оруулж ирнэ гэж байгаа юм.

Гэхдээ та анхаараарай! Өнөөдөр “Оюутолгой” ХК-ийн Улаанбаатар дахь төв оффис болон орд туслан гүйцэтгэгч, гэрээлэгч компани бүгдийг оролцуулаад, гадаад, дотоод нийлээд 2200 гаруй хүн ажиллаж байгаа. Сүр дуулиантай баталсан Хөрөнгө оруулалтын гэрээ ёсоор барилгын ажлын явцад 60-аас доошгүй, уул уурхайн ажлын явцад 75-аас доошгүй, бүр цаашилбал 90-ээс доошгүй хувьд нь монгол ажилчдыг ажиллуулах ёстой. Барилгын ажил нь ч эхлээгүй байхад одоо ажиллаж байгаагаас “тохой” илүү гадаад ажилчин оруулж ирэхээр болжээ.

3000 ажлын байр бэлэглэсэн баяр
 
2010.04.02. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, “Оюутолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Китт Маршал нар 3000 хүнийг ажлын байраар хангах санамж бичигт ёслол төгөлдөр гарын үсэг зурсан. Албан ёсоор томьёолсноор бол “Ажилгүй иргэдийг нийслэл хот орчмын ногоон байгууламжийг хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах, нийслэлийн хэв журмыг сахиулах болон далан, суваг засварлах, цэвэрлэх, шинээр татах, авто замын болон гудамж талбайн хөрс, шороог хуулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг цэвэрлэх, арчлах, хамгаалах ажилд орон тооны бус хэлбэрээр…” ажиллуулж сард дунджаар 300 мянган төгрөгөөр цалинжуулна. Тиймээс өдгөө бараг л Өмнөд Солонгос руу ажилд явахаар бүртгүүлэх гэж ар өврийн хаалга хайдаг байсан шиг энэ ажилд орохыг хүссэн хүмүүс “нүх сүв” хайж гүйж байна. Зарим УИХ-ын гишүүд хүртэл энэ ажилд бүртгүүлж өгнө гэж тойргийнхондоо амлаж байгаа гэсэн.

Дээрх санамж бичигт гарын үсэг зурахад 3000 гаруй хүнийг ажилтай болгож, нийслэлийн маань өнгө төрхөд санаа тавьж байна гэж хэрэндээ л баярлав. Гэвч энэ нь харамсалтай нь 2600 хятад ажилтан оруулж ирэх “урьдчилгаа” нь байж. Өөрөөр хэлбэл, 3000 хүнийг нийслэлд мод тарьж, замын хөдөлгөөний сайн дурын эргүүл хийлгэж цалинг нь өгчихөөд нийт ажилчдынхаа тоонд багтааж, 2600 гадаад ажилчныхаа “хэмжээ”-г барих гэж байгаа аж. Үүнийг нь манай холбогдох албаныхан мэдээгүй биш мэдсэн, тусгай яриа хөөрөө байгаа бололтой юм. Гэвч асуудал олны анхаарлыг татаж, УИХ-ын гишүүд эсэргүүцэн хэл ам дэгдээж байгаа болохоор  энэ бол яг эцэслэн шийдсэн асуудал биш гэсэн тайлбар барихаар зэхэж байгаа бололтой.  

Гадаад ажилчдын тоог хэтрүүлбэл төлбөр нэхэмжлэх боломжтой     

“Оюутолгой” ХК-ийнхэн ийнхүү 3000 ажилтны цалинг  нийслэлд бэлэглэснээр 2600 ажилтан оруулж ирэх эрхтэй болж байна. Үүнийг барилгын ажлыг маш богино хугацаанд хийх учир монгол ажилчдыг бэлтгэж амжихгүй, цаашид хүмүүсээ сургаж, дадлагажуулснаар монгол ажилчдынхаа тоог нэмнэ гэж тайлбарлах биз. Толгой компани “Оюутолгой” ХК барилга, бүтээн байгуулалтын ажлаа өөр компаниудаар гүйцэтгүүлж байгаа, богино хугацааны нүсэр ажлыг гүйцэтгэхийн тулд боломжит бүх аргаараа ажиллаж байгаа гэж тайлбарлаж байна. Гэвч 3000 “модчин, цэцэрлэгчин, замчин” Оюутолгойн монгол ажилчдын тоог хааж байна гэдэг инээдтэй л юм байна. Үүнийг нь хүлээн зөвшөөрч байгаа Монголын Засгийн газар, эрх бүхий байгууллагууд бүр эмгэнэлтэй.

Тэгвэл манайд бас өгөө, аваа байж болохоор юм байна. Та Оюутолгойн орд газрын хөрөнгө оруулалтын гэрээнээс иш татсаныг харна уу. Үүнд зааснаар бол гадаадын ажилтнуудын ажиллах чиглэлийг нарийвчлан заасан. Тухайлбал 8.5.1-д “барилгын ажил гүйцэтгэж байгаа бол” гэж тодотгосон байна. Тэгвэл манай Засгийн газар нийслэлийн маань өнгө төрхөд санаа тавьж олон мянган хүн ажлаар хангасанд баярлалаа гэж хэлээд мөн гэрээнд заасан төлбөрөө авч болох л юм байна.   Гэрээнд гадаад ажиллагсдын тоог хэтрүүлбэл тухайн ажлын байр тутамд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /108 мянган төгрөг/-г арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөр төлүүлнэ гэжээ. Чамгүй их мөнгө төлбөрт авч болохоор байгаа биз. Хэрвээ 2600 ажилчин албан ёсоор Монголд ирж ажиллаж эхлэх юм бол. Дашрамд сануулахад одоогоор энэ шугмаар 30 гаруй ажилчин орж ирээд байгаа. Энэ жилдээ багтааж төдий хэмжээний ажилтан авах зөвшөөрлийг аваад байгаа юм. Манай Засгийн газар хийгээд хотын захиргаа элдэв санамж бичиг, амлалтаар “Оюутолгой”-д давуу эрх олгочихооргүй л бол шүү дээ… 

Хөрөнгө оруулалтын гэрээнээс…

  • 8.5.1. Барилгын ажил гүйцэтгэх болон Өргөтгөлийн хугацаанд барилгын ажил гүйцэтгэж байгаа бол ажиллагсдынхаа 60 /жар/- аас доошгүй хувьд Монгол Улсын иргэдийг авч ажиллуулах;
  • 8.5.2. уул уурхайн болон уул уурхайн холбогдолтой ажил гүйцэтгэж байгаа бол ажиллагсдынхаа 75 /далан тав/-аас доошгүй хувьд Монгол Улсын иргэдийг авч ажиллуулах;
  • 8.6. Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 8.4-т заасан хувь хэмжээний дотор гадаадын иргэнийг хөдөлмөр эрхлүүлэх, орлого олох ажил үйлчилгээгээр хангах бол Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний ажлын байрны төлбөрийг сар бүр гадаадын иргэн бүрээр тооцож Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлнө.
  • 8.7. Гадаад ажиллагсдын тоо энэхүү Гэрээний 8.4-т зааснаас хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 /арав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөрийг сар тутам Хөрөнгө оруулагч төлнө.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж