Япон улстай бизнесийн салбарт хамтарна

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Япон улстай бизнесийн салбарт хамтарна

Монгол Улс Японы Засгийн газар, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах зөвлөлдөх уулзалт хийх гэж байна. Тодруулбал, хоёр улсын Засгийн газар, хувийн хэвшил хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын зургадугаар зөвлөлдөх уулзалтыг тавдугаар сарын 3-ны өдөр зохион байгуулах ажээ. Уулзалтыг нээж хоёр улсын сайд нар үг хэлэх бөгөөд уулзалтаар талуудын хамтран ажиллах, хөрөнгө оруулах салбар, ажлыг тодорхойлох гол зорилготой ажээ.

Хэлэлцэх асуудлын тухайд Монголын талаас Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Зам, тээврийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам тус бүрээс салбартаа хийх ажлууд болон баримтлах бодлогыг танилцуулах бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хот төлөвлөлт, нийтийн тээврийн шинэ бүтэц сүлжээ (метро)-г байгуулах, авто зам, гүүрэн гарц барих, Улаанбаатар хотын цахилгаан дулаан дамжуулах дэд бүтцийг сайжруулах, гэр хорооллыг орон сууцжуулах салбарыг хөндөх ажээ. Харин Японы талаас Гадаад худалдааны байгууллага (JETRO), Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA), Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яамнаас төлөөлөл хүрэлцэн ирж салбарынхаа хийх ажил, Монголтой хамтрах боломжийн талаар санал бодлоо солилцох юм байна.

Ийнхүү зөвлөлдөх уулзалтаас гадна Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим Японы Гадаад худалдаа, экспортыг дэмжих байгууллагатай хамтран “Japan business fair -2013” үзэсгэлэн яармагийг тавдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд МҮХАҮТ-ын Үзэсгэлэнгийн Их танхимд үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болжээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж