
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОНХ/-ийн Сайд нарын долдугаар бага хурал болсонтой холбоотойгоор Баянгол дүүрэг, EBI хүрээлэн, Ардчилсан хүчний залуучуудын холбоо \АХЗХ\ хамтран өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын ахлах зөвлөх Томика Тиллеманнтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Баянгол дүүргийн иргэд болон Ардчилсан хүчний залуучуудын холбооны залуус оролцсон байна. Уулзалтын талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Өнөөдөр Монгол Улс ардчиллын загвар орон болж, дэлхий дахинд Монголын нэр хүнд өсч байна. Монгол орны хувьд дайны аюул, заналхийлэл багатай тайван орон, мөн ардчиллын суурийг зөв тавьсан болохоор бидэнд зөв бодлого байвал хурдан хөгжих боломж байгаа. Тиймээс энэ ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээнд сэтгэл хангалуун байна” гэв.
Уулзалтыг хамтран зохион байгуулсан Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбатаас энэхүү арга хэмжээний талаар тодруулахад “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОНХ/-ийн Сайд нарын долдугаар хуралдаан манай улсад амжилттай зохион байгуулагдлаа. Энэ арга хэмжээг тохиолдуулан АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын ахлах зөвлөх тэргүүтэй зочид төлөөлөгчдийг дүүргийнхээ залуучуудтай санал солилцууллаа. Сонгогчид маань ардчилсан хүчинд дэмжлэг итгэл үзүүлж байгаа болохоор өнөөдрийн зочидтой ардчиллын хөгжил, үзэл бодлын талаар санал солилцсон. Цаашид иргэд, хороодын дунд бид энэ төрлийн ярилцлагыг олноор хийхээр төлөвлөөд байна” гэлээ. Тэгвэл энэхүү уулзалт ярилцлагыг санаачилсан Ардчилсан хүчний залуучуудын холбооны ерөнхийлөгч М.Алзахгүй “Уулзалтын зорилго нь ардчилал гэж юу байдгийг залууст ойлгуулах, олон улсын гарцыг нээж өгөхөд оршлоо. Цаашид ардчиллын талаарх бодит ойлголтыг залуучууддаа түгээх чиглэлээр гадаадын зочидтой уулзуулахад анхаарч ажиллах болно” гэсэн юм.