АНУ, БНСУ-ын цэргийн сургуулилт дууслаа

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

АНУ, БНСУ-ын цэргийн сургуулилт дууслаа

Хойд Солонгос улсын зүгээс асар их эсэргүүцэлтэй тулгараад байсан АНУ болон БНСУ-ын хамтарсан "Foal Eagle" цэргийн сургуулилт төлөвлөсөн хуваарийн дагуу өнөөдөр дуусгавар болжээ.  Хоёр сарын хугацаанд үргэлжилсэн АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтад хоёр талаас тус тус 10 мянган армийн бие бүрэлдэхүүн оролцож, газрын, агаарын, усан цэргийн ангиллаар цогц цэргийн сургуулилт явуулсан билээ.

Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайдын төлөөлөгч Ким Мин-сүк энэ талаар мэдэгдэхдээ хоёр орны цэргийн сургуулилт өндөр үр дүнтэй болж өнгөрснийг цохон тэмдэглэж, “АНУ болон БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилт үүгээр дуусгавар болж байна. Гэхдээ Хойд Солонгосын зүгээс пуужин хөөргөх зэргээр аюултай үйлдэх хийх эсэхийг ажигласаар байх болно” гэсэн байна.  АНУ-ын зүгээс хамтарсан "Foal Eagle" цэргийн сургуулилтын үеэр үл үзэгдэх технологиор бүтээсэн “B-2”, “B-52” зэрэг сөнөөгч, бөмбөгдөгч онгоцуудыг ашигласан нь Хойд Солонгосын эгдүүцлийг ихээр төрүүлсэн юм.

Хойд Солонгосын зүгээс өөрийн “заналт дайсан” хэмээн үздэг АНУ болон БНСУ-ыг хамтарсан цэргийн хээрийн сургуулилт хийж буйг эсэргүүцэн Йонбён дахь цөмийн цогцолборын үйл ажиллагааг сэргээхээ мэдэгдсэн билээ. Үүгээр ч зогсохгүй Кесон дахь Өмнөдтэй хамтарсан аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааг хаасан юм. Харин Өмнөд Солонгосын зүгээс удаа дараа Хойдод хандан Кэсон дахь аж үйлдвэрийн цогцолборын асуудалд зөвшилцөхийг хичээсэн боловч бүтэлгүйтсэн учир өөрийн улсын иргэдээ Кэсоноос татсанаар өдгөө тэнд Өмнөдийн долоохон ажилчин үлдээд байгаа юм байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж