Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргад дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргад дэвшүүлэв

УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг нэр дэвшүүлсэн болохыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. Р.Гончигдорж гишүүний хувьд мэдлэг, чадвар, туршлага зэрэг олон зүйлээрээ УИХ-ын дэд даргын албанд тэнцэнэ хэмээн бүлгийн гишүүд нь үзсэн байна. Мөн санал хураахад гишүүдийнхээ олонхийн дэмжлэг хүлээжээ.

Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь  Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм байна. Эл төслийг бүлгийн гишүүд “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзжээ. Энэхүү төслийн хүрээнд хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг төрөөс барагдуулахаар тусгаад буй юм байна.

Тухайн үедээ хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын нийт хохирол 72 тэрбум төгрөгөөр тооцогдож байсан гэнэ. Хохирлыг нь барагдуулахын тулд 36 тэрбум төгрөгийг төсвөөс гаргаж байжээ. Ингэхдээ үлдсэн хохирлыг битүүмжилсэн хөрөнгийг зарж барагдуулах, мөн төсвөөс гаргасан хөрөнгийг энэхүү битүүмжилсэн хөрөнгийг зарж борлуулснаар нөхөн төлөх нөхцөлтэй байсан аж. Гэвч энэ хооронд үл хөдлөх хөрөнгүүд зарим нь байхгүй болсон, эд хөрөнгүүд тоногдсон. Зарим хөрөнгийг үнэлгээгээр нь зарж борлуулах боломжгүй болсон зэрэг олон асуудал үүсчээ. Харин хохирогчдын хувьд хохирлоо барагдуулж авах хүсэлтийг удаа дараа тавьж ирсэн тул төсвөөс хөрөнгө гаргаж шийдвэрлэхээр болсон аж. Үүнд нийт 21 тэрбум төгрөг зарцуулагдах аж.

Гэхдээ бүлгийн даргын зүгээс “Өнгөрсөн хугацаанд хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулах хүрээнд барьцаа хөрөнгийг зувчуулсан, үнэгүйдүүлсэн зэрэг ноцтой хэргүүд гарсан. Тэр дундаа Хадгаламж зээлийн хоршооны эзэмшигчид хамгийн ихээр хохирсон байгаа. Ийм алдааг дахин давтахгүй байх ёстой гэдэг дээр бүлгийн гишүүдийн байр суурь хатуу зогссон” гэдгийг онцоллоо.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж