УИХ-д тэгш бус байдал хэвээр байна гэв

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

УИХ-д тэгш бус байдал хэвээр байна гэв

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудтай танилцаад Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг нягтлан дүгнэх ажлын хэсгийг байгуулах ёстой хэмээн үзжээ. Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Сү.Батболд удирдан ажиллах аж. МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт “2008-2012 оны Засгийн газар Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хэрхэн хөгжүүлэв, юуг хийж чадалгүй үлдээв гэдгийг өргөн хүрээнд дүгнэж гаргах ёстой. Тухайлбал, хамтарсан Засгийн газрын үед хоёр нам иргэн бүртээ 1.5 сая төгрөгийн хувь хишиг хүртээхээр шийдвэрлэсэн байдаг.  Өмнөх Засгийн газрын үед иргэдэд хувь хишгийг нь олгосон. Шинэчлэлийн Засгийн газар үргэлжлүүлж энэ ажлыг хийх ёстой боловч зогсонги байдалд оруулсан. Энэ бүхнийг дүгнэх ёстой. Ер нь өмнөх Засгийн газрын үед жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг хэрэгжүүлсэн бол Шинэчлэлийн Засгийн газар найман хувийн хүүтэй болгож нэмэгдүүлсэн гээд нарийвчлах ёстой асуудал олон бий” гэлээ.

Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь 2013 оны төсвийг хэлэлцэх үеэр маргаан дагуулж байсан Ерөнхий сайдын багцад оруулахаар төлөвлөсөн 50 тэрбум төгрөгийн задаргаатай холбогджээ. Энэ асуудлыг гишүүд “Төсвийн хууль зөрчсөн” хэмээн дүгнэсэн байна. Мөн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар хамтран 2 их наяд төгрөгийг зарцуулсан. Энэ нь мөн төсвийн хуулиас гадуур явж, Монгол Улс үндсэндээ хоёр төсөвтэй болж хувираад байгаа. Үүнд УИХ-ын зүгээс хяналт тавих ч бололцоогүй болсон. Үндсэн хуульд зааснаар УИХ нь Засгийн газартаа хяналт тавьж ажиллах ёстой гэсэн боловч МАН-ын бүлгийн зүгээс Монголбанкин дээр очоод мэдээлэл авъя гэхэд гаргаж өгдөггүй. Дээр нь байнгын хороонд харьяалагдаж байгаа гишүүдийнх нь харьяалал тэгш бус байдал үүсгэсэн хэвээр байгаа. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар холбогдох хуулийг баталснаар УИХ дахь МАН-ын бүлгийн 25 гишүүнээс 15 нь хоёр байнгын хороонд харьяалагдах боломжтой болсон ч үлдсэн 10 нь нэг л байнгын хороонд харьяалалтай хэвээр байгаа. Гэтэл олонхийн бүлгээс 18 гишүүн гурав хүртэл байнгын хороонд харьялалтай бол үлдэж байгаа нь хоёр хүртэл байнгын хороонд харьяалагддаг. Ингэхдээ Засгийн газрын 10 хүртэл гишүүн нь гурав хүртэл байнгын хороонд харьяалагддаг. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Засгийн газрын гишүүн нь харьяалах салбараас бусад байнгын хороонд харьяалагдаж ажиллаж ирсэн бол энэ парламент, энэ Засгийн үед тэрхүү зарчим алдагдсан. Тиймээс УИХ дахь энэхүү тэгш бус хуваарилалтыг өөрчлөхийн төлөө цөөнхийн бүлэг цаашид дахин эрчимтэй ажиллах шаардлага үүсч байгаа гэдгээ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд мэдэгдлээ.

Мөн бүлгийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулж хоёр асуудлыг онцлон ярилцжээ. Тодруулбал, УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийн дараа автомат машины саналын дүнтэй холбоотойгоор маргаантай асуудал олон гарсан. Тиймээс хяналтын тооллогын журмыг сайжруулах ёстой гэж үзсэн юм байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж