Улсын онцгой комисс хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.03-нд нийтлэгдсэн

Улсын онцгой комисс хуралдлаа

Улсын онцгой комисс өнөөдөр Төрийн ордонд хуралдлаа. Хуралдааныг Засгийн газрын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга М.Энхболд даргалсан юм. Хуралдаанаар малын сэг зэм устгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа тухай, хүүхдийн гар, хөл, амны вирусын өвчний цагийн байдлын талаар, ой, хээрийн түймрийн гаралт зэрэг гурван асуудал хэлэлцлээ.

Эхний асуудлаар ОБЕГ-ын дэд дарга Ц.Намсрай илтгэв. Түүний мэдээлснээр өнгөрсөн өвлийн зудаар улсын хэмжээнд 8,1 сая толгой мал хорогдсоноос 6,3 сая малын сэг зэмийг устгажээ. Үүнд 3200 ажлын баг, 25600 хүн, 3867 тээврийн хэрэгсэл оролцож 30-60 хоногт ажлыг гүйцэтгэжээ. Зүүн болон говийн бүсийн аймгуудад дөрөвдүгээр сараас, хангайн бүсийн аймгуудад тавдугаар сарын 10-даар сэг зэм устгах ажлыг эхлүүлсэн байна. Ажлыг өнөөдрийн байдлаар хийж дуусгасан гэж Ц.Намсрай мэдээллээ. Төв, Завхан, Булган аймгийн отрын нутагт өвөлжсөн бусад аймгийн малчид үхсэн малынхаа сэг зэмийг устгалгүй хаяж нүүн нүүсэн. Сэлэнгэ мөрнөөр малын сэг зэм урсч ОХУ-ын нутаг руу орсон тул ОХУ-аас Сэлэнгэ аймгийн Засаг даргад анхааруулах бичиг ирүүлжээ. Иймд гол, мөрний эрэг хавиар үхсэн малын сэгийг яаралтай дарж булах ажил хийхийг анхааруулсан байна. Хорогдсон малын сэг зэм устгах ажилд хариуцлагагүй хандсан Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл, Өмнөговь аймгийн Засаг дарга, Өмнөговь аймгийн Булган, Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь сумын Засаг дарга нарт ОБЕГ-аас зохих хариуцлага тооцохоор болжээ.

Улсын онцгой комиссын дарга М.Энхболд өвөлжөө, хаваржаа, өтөг бууцыг цэвэрлэх, хадлан тэжэл бэлтгэхэд одооноос анхаарах, улсын нөөцийн бүх өвс тэжээл дууссан тул долдугаар сарын 15-наас хадланд гарах, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас аймгуудад хадлангийн төлөвлөгөө гаргаж өгөх зэрэг ажлыг хийхийг анхаарууллаа. Мөн ОХУ-аас ирэх арвайг татаж авах хугацаа хожимдсон, түүнийг авч эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг бүс нутагт малын тэжээл болгон өгөх хэрэгтэй гэлээ. Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа 2,5 сая ам.долларын хөтөлбөрийг зарим аймаг хугацаа алдаж хэрэгжүүлж байгааг ч анхааруулсан юм. Мөн 18,1 сая төгрөгийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд малжуулах, хөдөөгийн боловсролыг дэмжих чиглэлд зарцуулах аж.

Үүний дараа гар, хөл, амны өвчний гаралтын талаар ЭМЯ-ны мэргэжилтэн Д.Нарангэрэл танилцуулав. Энэ өвчин Азийн орнуудад нэлээд дэгджээ. БНХАУ-д өнгөрсөн сарын 16-ны байдлаар 200 мянга гаруй хүүхэд өвчилж 94 нь энджээ. Монголд оны эхнээс өдөрт 1-4 тохиолдол илэрч байснаа дөрөвдүгээр сарын 20-с 20-25 тохиолдол болж нэмэгджээ. Улсын хэмжээнд 1222 хүүхэд өвчилснөөс Улаанбаатарт 641 тохиолдол бүртгэгджээ. Өвчний халдвар нийслэлээс гадна Дорнод, Дорноговь, Говьсүмбэр аймагт бусад аймгаас илүү гарсан аж. Нийт өвчлөгсдийн 98 хувь нь 0-10 насныхан ажээ. Нягтрал ихтэй сургууль, цэцэрлэгүүдэд өвчний гаралт илүү өндөр байгаа бөгөөд цэцэрлэгүүд амарч эхэлснээр сүүлийн гурав хоногт буурах хандлагатай болжээ. Халдвар ихтэй байгаа сургууль цэцэрлэгт мэргэжлийн баг ажиллуулах, 24 цагийн Hot line ажиллуулж зөвлөгөө өгөх зэрэг ажлыг яамны зүгээс хийж байгаа юм байна. Одоогоор 30 хүүхэд эмчлүүлж буйн 26 нь Улаанбаатарынх гэнэ. . Шадар сайд М.Энхболд гар, хөл, амны өвчний дэгдэлт гарч болзошгүй байдлаас сэргийлж ХӨСҮТ дээр байнгын бэлэн байдалтай баг бэлтгэх хэрэгтэйг хэллээ.

ОХУ-ын Эрхүү мужид хүүхдийн халдварт саа өвчин гарсан тул Монголоос Байгаль нуур хавьд очиж амрах хүүхдүүд, мөн ОХУ-аас Монголд ирж амрах гэж буй хүүхдүүдэд анхаарах хэрэгтэй гэж байлаа. Уг өвчнийг Монгол Улс бүрэн дарж чадсан ч гадаадаас ирэх хүүхдээр дамжиж халдварлаж магадгүйг сэрэмжлүүлэв.  Тархи нугасны энэ өвчнийг бүрэн эдгээхгүй бол насан туршдаа эрэмдэг зэрэмдэг болох аюултайг эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэх хэрэгтэйг сануулсан юм.

Ой, хээрийн тйүмрийн гаралтын талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас мэдээлэл хийлээ. Энэ оны эхний таван сарын байдлаар 12 аймгийн 28 суманд 45 удаа түймэр гарч, 856845 га ой, хээрийн талбай өртжээ. Түймэрт хоёр хүн нас барж, гурван хүн түлэгдэж, 800 гаруй бог, 110 бод мал хорогджээ. Одоогийн байдлаар нэг түймрийг цурманд оруулж, хоёр түймрийг унтраах шатандаа яваа аж. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Цагаан-Үүр суманд гарсан түймэр бартаа ихтэй газарт байгаа тул унтраахад хүнд, Цагаан-Үүрт гэхэд түймрийн голомтод хүрэхэд 50 орчим км газар явган явах хэрэгтэй байгаа ажээ. Түймрийн улмаас улсын хэмжээгээр 852 гаруй сая төгрөгийн хохирол учирчээ. Иргэд, аж ахуйн нэгжүүд гал түймрээс хамгаалах талаар сэрэмжтэй ажиллахыг Онцгой комиссоос анхаарууллаа.
 
Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж