Монголбанк өнөөдөр /дөрөвдүгээр сарын 30/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 40.4 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бол Төв банк 1433.31 төгрөгийн хаалтын ханшаар саналыг 100 хувь биелүүлж, ам.долларыг валютын захад нийлүүлсэн байна. Арилжааны банкууд юань худалдан авах санал ирүүлсэн ч Төв банк юанийн арилжаа хийсэнгүй. Харин валютын своп хэлцлээр 70.8 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 50.8 сая ам.долларыг валютын захад нийлүүлэв.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.
У.БОЛОР