Супер лигийн плей-офф эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Супер лигийн плей-офф эхэллээ

Сагсан бөмбөгийн үндэсний Супер лигийн плэй-офф өчигдөр Спортын төв ордонд  эхэллээ. Плей-оффын эхний тоглолтод “SBL Хүлгүүд”, “Танан Гарьд” багууд өрсөлдөгчөө буулган авчээ.

Эхний тоглолт үндэсний Супер лигийн плей-оффд нэгдүгээр байраар шалгарсан “Эрдэнэдрийлинг  Ригс” болон “SBL Хүлгүүд” багийн хооронд боллоо. Энэхүү тоглолтод плей-оффд сүүлийн байраар шалгарсан “Хүлгүүд” 82:80-ийн харьцаатай “Ригс”-ийг буулган авлаа. Харин дараагийн тоглолт плей-оффын хоёр, гуравдүгээр байраар шалгарсан “Танан Гарьд” болон “Энержи Ресурс Харцага” багуудын хооронд болж, 93:74-ийн харьцаатай “Гарьд”-уудын ялалтаар өндөрлөлөө.  

М.Бадрах багтаа хожил авчирлаа

2013 оны плей-оффын эхний тоглолт “Эрдэнэдрийлинг Ригс”  болон “SBL Хүлэгүүд”  багуудын хооронд болж, ширүүн өрсөлдлөө. Плэй-офф эхэлсэн учраас багууд тун сайн хамгаалж тоглож байгаа нь харагдсан. Мөн онооны зөрүүг ч холдуулахыг хүсэхгүй байшаа тоглолтын эхний үе 19:19-ийн харьцаатай тэнцээгээр өндөрлөснөөс харж болох юм. Харин хоёрдугаар үед SBL тун сайн хамгаалсанаар, 39:33-ын харьцаатай илүүрхсэн. Эхний хагаст “Хүлгүүд”-ээс Б.Билгүүн, Крис Лоусан 10  оноо авсан. Харин “Ригс”-ээс Скиннэр есөн оноо, С.Өрнүүнбилэг найман оноо, 11 самбар авчээ.

Харин тоглолтын гуравдугаар үеэс багуудын довтолгоо сайжирч, адилхан 22 оноо авсан. Тоглолтын шийдвэрлэх дөрөвдүгээр үед “Эрдэнэдрийлинг Ригс” багийн тоглолт багуудын довтолгоо ээлж дараалан амжилттай болж байлаа. “Хүлэгүүд”-ээс Девон Кларк 26 оноо, Крис Лоусан 25 оноо, Б.Билгүүн 16 оноо авсан. Харин “Ригс”-ээс Н.Золжаргал 28 оноо, Скиннэр 17 оноо, С.Өрнүүнбилэг 14 оноо, 21 удаа самбараас бөмбөг авчээ. Харин түглолтын үндсэн цаг дуусахтай зэрэгцэн “SBL Хүлэгүүд” багийн М.Бадрах гурван онооны шидэлт амжилттай болсноор 82:80-ийн харьцаатай өрсөлдөгчөө буулган авлаа. Тойргийн тоглолтын сүүлийн тоглолтод М.Бадрах мөн “базер шот” хийж, багаа плей-оффд шалгаруулж байсан билээ.

 “Танан Гарьд” плей-оффын эхний хожлоо авлаа

Гуравдахь тоглолт “Энержи Ресурс Харцага” болон “Танан Гарьд” багуудын хооронд боллоо. Энэ хоёр багийн тойргийн гурван учраанд бүгдэд нь “Харцага” хожсон юм. Харин “Танан Гарьд” плэй-оффын шатанд тун чамбай бэлдсэн нь харагдаж, тоглолтыг тун идэвхитэй эхлүүлсэн. Ялангуяа О.Ууганбаярын дундын зайн шидэлтүүд удаа дараа амжилттай болсноор, эхний хагаст 17 оноо авсан. Харин Харцагуудаас Б.Нэмэхбаяр найман оноо авсан. Ингэснээр эхний хагаст 47:33-ийн харьцаатай “Танан Гарьд” баг давамгайлсан.

Харин тоглолтын гуравдугаар үед “Энержи Ресурс Харцага” багийн тоглолт сэргэж эхэлсэн. Ялангуяа Б.Нэмэхбаярын холын зайн шидэлт оновчтой болсон. Б.Нэмэхбаяр энэ тоглолтонд нийт зургаан холын зайн шидэлтийг хийж, 20 оноо авчээ. Мөн Б.Одбаяр энэ тоглолтонд 15 оноо, 15 самбар авчээ. Ингэснээр “Харцага”-ууд гуравдугаар үед оноог 65:58-ийн харьцаатай болгон ойртуулсан.

Өчигдөр “Танан гарьд” багийн О.Ууганбаяр 30 удаа довтолж, 17-г нь амжилттай болгон, 37 оноо авсан байна. М.Отгонмөнх 17 оноо, Фреддье Вүүдс 14 оноо, 25 самбар, Антионо Жонс 13 оноо, 11 оновчтой дамжуулалт өгчээ. Ингэснээр “Гарьд”-ууд 93:74-ийн харьцаатай цувралын плей-оффын эхний хожлоо авлаа.

Б.БИЛЭГ




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж