Зургаан хувийн зээлийг “8%+-1%” зээл рүү шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Зургаан хувийн зээлийг “8%+-1%” зээл рүү шилжүүлнэ

“Зуун мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн зургаан хувийн хүүтэй зээлийн “хөлд хэлмэгдсэн” айл өрхийн тоо одоогоор 2000-д дөхөөд байгаа. Эдгээрээс зургаан хувийн зээлийн нөхцөл шалгуурт тэнцэн, орон сууцанд орсон 200 шахам гэр бүлийнхэн төр засгаас олгох 50 сая төгрөг олгогдоогүйн улмаас орон сууцны компанид сар бүр алданги төлж байна. Тэд төрийн гаргасан шийдвэрээс болж иргэд хохирох учиргүй гэсэн уриатайгаар өнгөрсөн гуравдугаар сард суулт зарласан. Арваад хоног үргэлжилсэн суулт ямар ч үр дүнгүй байсан тул өлсгөлөн зарлахад хүрснээ мэдэгдээд байсан юм. Тэр үед нь УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, “Зуун мянган айлын орон сууц” хөтөлбөрт багтсан айлуудын асуудлыг яаралтай шийдэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Түүнээс хойш чимээ алдарсан зургаан хувийн зээлд хамрагдсан иргэд хохирлоо барагдуулсан эсэх талаар бид тодрууллаа.

Одоогийн байдлаар иргэд өөрсдийн сонгосон орон сууцнаасаа хараахан хөөгдчихөөгүй ч засгаас өгөөгүй 50 сая төгрөгийн алдангийг барилгын компаниудад төлсөн хэвээр байгаа ажээ. Төр засгийн зүгээс тэднийг тун удахгүй хэрэгжиж эхлэх “8%+-1%” хөтөлбөрт хамруулан зээлийг шилжүүлнэ гэдгээ хэлжээ. “8%+-1%” хөтөлбөр нь дээд төвшиндөө шийдэгдсэн боловч зээл олгох журам, арилжааны банкуудтай хийх гэрээ зэргийг Монголбанк боловсруулж байгаа юм. Монголбанкны зүгээс урьд өмнөх алдааг давтахгүйн тулд нэлээд чамбай журам гаргахаар хичээж буй гэнэ. Харин чухам хэзээ бэлэн болохыг товлон хэлэхгүй байна. Тэгэхээр зургаан хувийн зээлд хамрагдсан ч 50 сая төгрөгөө авч амжаагүй иргэд болон шинэ журмын дагуу орон сууц худалдан авах, байраа томруулахаар зоригсдын хувьд багагүй хугацаанд хүлээх  хэрэгтэй болж байгаа юм. Журмыг боловсруулан батлуулах, хэрэгжүүлж эхлэх хүртэл цаг хугацаа багагүй шаардах нь. Харин зургаан хувийн зээлээс “8%+-1%” хүүтэй зээл рүү шилжиж буй иргэдийн зарим нь “Жилийн 1-3 хувийн  хүү нэмж төлөхөөр болж байгаа нь бидний хувьд алдагдалтай. Жил тутмын хүүний зөрүүг 20 жилээр үржүүлэн тооцохоор багагүй хэмжээний зөрүү гарна. Энэ бол төр засаг иргэддээ амласнаа биелүүлдэггүйн жишээ төдийгүй энэ удаагийн шийдвэр ч гал унтраах төдий хэрэг боллоо” хэмээн үзэж байна. Салбарын яамны хувьд Монголбанкны журам л гарчихвал асуудлыг шийдэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ. Учир нь дээрх иргэдийн зээлд олгох санхүүжилтийн эх үүсвэр нь Хөгжлийн банкинд бэлэн байгаа хэмээн хэлсэн гэнэ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж