Аргаль агнах зөвшөөрөл олгоогүй байна

Хуучирсан мэдээ: 2013.04.30-нд нийтлэгдсэн

Аргаль агнах зөвшөөрөл олгоогүй байна

Монгол Улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд жил тутамд 50-70 угалз, зарим үед 150 угалз, 300 орчим тэхийг гадаадын анчдаар агнуулан улсын төсөвд ихээхэн хэмжээний хөрөнгө төвлөрүүлж байв.  Харин 2013 оноос 15 толгой угалз, 32 тэхийг тусгай төлбөртэйгээр агнуулах журмыг Засгийн газрын тогтоолоор баталжээ. Тогтоосон тоогоор угалз, тэхийн агналт өмнөх онуудаас тав дахин буурсан байна. Журмаар зэрлэг амьтны хамгаалалд нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ан амьтан агнасан төлбөр, хураамжийг 100 хувь тухайн сумын төсөвт төвлөрүүлнэ. Төвлөрүүлсэн мөнгөнийхөө 50 хувийг аргаль угалз, тэхээ хамгаалах, бэлчээрийн менежментийг сайжруулахад зарцуулах эрх зүйн орчин бүрдсэн юм.  Тухайлбал, нэг ширхэг алтайн угалз агнуулбал 14000 ам.доллар сумын төсөвт орно. Түүнээс 7000 ам.долларыг бэлчээрийг сайжруулах, задгай ус бий болгох, хууль бус агнуурыг бууруулах зэрэг ажлыг нутгийн иргэд зохион байгуулах бүрэн боломж бүрдэж байна гэсэн үг. Тиймээс БОНХЯ 2013 онд агнуурын менежментийн төлөвлөгөөтэй цөөхөн агнуурын бүс нутагт 15 угалз, 32 тэх агнуулах хуваарь хийсэн байна.

Орон нутагт агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч хуулийн этгээд нь гадаадын анчдад зуучлагч аж ахуйн нэгж, сумын Засаг даргатай гурвалсан гэрээ хийж байж БОНХЯ-наас зөвшөөрөл олгоно. Одоогоор нэг ч угалз, тэх агнах зөвшөөрлийг нэг ч аж ахуйн нэгжид олгоогүй байна. Харин Увс, Хэнтий, Төв аймаг агнуурын гурвалсан гэрээг БОНХЯ-нд ирүүлсэн бөгөөд өнөөдөр гэрээтэй танилцаж байна.

Ер нь БОНХЯ иргэд, олон нийтийн адил ан амьтныг олноор агнаж, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх нь үр дүнтэй, зөв зүйл гэж үздэггүй бөгөөд тэр ч үүднээс угалз, тэхийн тоог дэс дараатайгаар жилээс жилд бууруулах бодлого барьж, 2013 оноос эхлэн идлэг шонхор шувууг гадаад улсад хилээр гаргахыг 5 жилээр хориглосон бодлого явуулж байна. Зохистой ашиглалт байхгүйгээр бүх амьтныг худалдаалах, агнуулахыг хатуу хориглох нь хууль бус үйлдэл буюу хулгайн агнуурыг нэмэгдүүлдэг гэдгийг хөндлөнгийн судалгааны дүн харуулдаг. Харин тусгай төлбөртэйгээр агнуулах ан агнуурын бодлогын шинэчлэл нь орон нутгийн  агнуурын бүс нутагт ховор амьтны нөөцийг хамгаалах, тогтвортой өсгөх, ашиглах  нөхцлийг хангасан  менежментийг бий болгоход оршиж байна  гэж БОНХЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж