
Дэлхийн банкныхан сүүлийн үед Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг судлахдаа төсвийн талаар ихээхэн анхаарал хандуулах болсон бөгөөд энэ удаад ч энэ чигт анхаарсан гэдгээ онцоллоо. Тухайлбал, төсвийн алдагдал нэмэгдсээр байгаа нь Монгол Улсын эдийн засагт томоохон эрсдэл үүсч байгааг анхааруулсан юм. 2012 онд төсвийн алдагдал ДНБ-ий 8.4 хувьд хүрсэн нь сүүлийн 13 жилийн хугацаанд хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Дэлхийн банкны тооцоогоор энэ жил улсын нийт зардлын төлөвлөгөөнд том зохицуулалт хийхгүй бол төсвийн нийт тэнцэл энэ онд ДНБ-ий зургаан хувь, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл долоон хувьд хүрэх дохиотой байгаа гэнэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тэнцвэржүүлсэн алдагдлын хамгийн их байх төвшин нь ДНБ-ий хоёр хувьтай тэнцэж байх ёстой ажээ.
Төсвийн алдагдал хэд хэдэн зүйлээс шалтгаалж буйг “Чингис бонд” болон төсвөөс гадуурх зардал гэж албаныхан тайлбарлалаа. Төсвөөс гадуурх зардлын тухайд, нэгдүгээрт, Хөгжлийн банкнаас ирээдүйд төдийлөн орлого оруулахгүй төслүүдийг санхүүжүүлж байна гэлээ. Хоёрдугаарт, Төв банкнаас санхүүжүүлж буй Үнийг тогтворжуулах хөтөлбөрийн өртгийг нэрлэв. Мөн Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бондын орлогын томоохон хэсгийг улсын хөрөнгө оруулалтын шинэ төслүүдийг санхүүжүүлэхээр болж буй нь төсвийн тэнцлийн алдагдлыг бий болгож байгааг Дэлхийн банкнаас хэлсэн юм. Тиймээс орлогыг бодитоор төлөвлөж, зөв зарцуулахыг анхаарууллаа.
Түүнчлэн 2011 онд түүхэндээ хамгийн өндөр буюу 17 хувьдаа хүрч байсан Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ жил 13 хувьтай байгаа. Дэлхийн банкнаас уг өсөлтийг 2013 онд энэ хэмжээний өсөлттэй хэвээр байна гэсэн юм.