
Кэтрин Рассель нь Тамерланыг цагдаа нартай буудалцах үеэр амь үрэгдсэний дараа Массачусеттс мужийн Кэмбриж дахь гэрээ орхин, Рөүд-Айланд дахь аав ээжийндээ нүүж ирсэн аж. Кэтрин Рассель Холбооны мөрдөх товчооныхны асуултанд Бостон хотын марафон тэмцээний үеэр халдлага болсон их цочирдсон хэмээгээд нөхрийнхөө үйлдсэн байж магадгүй халдлагын талаар юу ч мэдэхгүй гэж ярьсан байна.
Үүний зэрэгцээ Холбооны мөрдөх товчооноос Тамерлан Царнаевийн өнгөрсөн 2012 онд ОХУ болон Дагестаны хооронд хийсэн зургаан сарын аялалын талаар судалж эхэлсэн байна. Учир нь албаныхны зүгээс Тамерлан Царнаевийг энэ хугацаанд террорист халдлага үйлдэх дадлага, сургуулилт хийсэн байж магалдгүй хэмээн хардаж байгаа аж. Түүнчлэн Тамерлан Царнаевийг ОХУ-д төрсөн Канадын иргэн Уиллья Плотников гэгч боксчинтой холбоотой хэмээн сэжиглэж байгаа гэнэ. Тамерлан өнгөрсөн 2012 онд Плотниковтой Дагестанд хамт байсан бөгөөд Царнаев өнгөрсөн долдугаар сард АНУ-д ирсэн байна. Харин түүнийг ирснээс ердөө нэг хоногийн дараа Плотников лалын хэт аврагсад болон цагдаа нарын хоорондох буудалцааны үеэр амь үрэгдсэн аж.