Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад асуулга тавьжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.03-нд нийтлэгдсэн

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад асуулга тавьжээ

УИХ-ын гишүүн Су.Батболд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд хандан асуулга тавжээ. Тэрбээр асуулгадаа Атрын гуравдугаар аяны сэдвийг хөндсөн байна.

Асуулгад “Монгол Улсын газар тариалангийн салбарыг сэргээн хөгжүүлэх зорилгоор Засгийн газраас “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийг батлан амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд манай улс жилийн хэрэгцээт буудайн 97.0 хувь, төмсний 100.0 хувь, хүнсний ногооны 50.0 хувийг тус тус дотоодын ургацаас  хангаж байгаа нь  энэ салбарт гарч буй ахиц дэвшил юм.

Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хийсэн мэдээллээс үзвэл Монгол Улсын Eрөнхийлөгчөөс тавьсан хүсэлтийн дагуу боловсруулсан “Халх голын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г үндэслэн “Халх гол” төслийг  хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах болон баруун бүсэд газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх асуудлыг судлан боловсруулах үүрэг бүхий   ажлын хэсэг Ерөнхий сайдын 2010 оны 35 дугаар захирамжаар томилогдон ажиллаж байгаа юм байна.

Халх гол сумын хэмжээнд одоо 40.0 мянга орчим га эргэлтийн  талбайг газар тариалангийн зориулалтаар аж ахуйн нэгж, иргэд эзэмшиж байгаагийн 4.5 мянган га талбайд газар тариалангийн үйлдвэрлэлийг идэвхтэй явуулж байгаа ажээ.

Энэ бүс нутгийн хөрсний  ялзмагт үе нь зузаан, үржил шим сайтай хөнгөн хүрэн хөрстэй, ургамал ургалтын хугацаа харьцангуй урт, хур тунадас, дулаан, чийгийн хангамж сайтай, бэлчээр, хадлангийн арвин ургац,  нөөцтэй, өвс ургамал нь шимт чанараар баялаг байдаг нь мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтойгоос гадна усны хангамжийн дутагдал, хөрс салхины элэгдэлд орох зэрэг эрсдэлтэй талууд байдаг билээ. Мөн энэ бүс нутаг нь өнөөг хүртэл аж ахуйн болон хүний үйл ажиллагааны аливаа нөлөөлөлд харьцангуй бага өртсөн унаган төрхөө хадгалан  байгаа хүн амын нягтшил, суурьшил багатай, дэлхийн цорын ганц хялганат тал,  хээрийн уудам зэлүүд нутаг юм.

Иймд манай орны байгаль экологийн өвөрмөц, эмзэг тогтоц бүхий энэ бүс нутагт хөдөө аж ахуйн чиглэлийн “Халх гол” гэсэн томоохон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаатай уялдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Сайд танд дараахь асуулгыг тавьж байна.     

Үүнд:

1. Халх голын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх талаар гарсан эрх бүхий байгууллагын шийдвэр, түүнийг гүйцэтгэсэн байгууллага болон төслийн хүрээнд хийж буй ажлын явц, үр дүн, цаашдын үр өгөөжийн талаархи мэдээллийг тодорхой  баримт түшин танилцуулах.

2. Халх голын бүс нутагт газар тариалан, мал аж ахуй эрхлэх чиглэлээр урд өмнө аж ахуй эрхэлж байсан туршлага, сургамж болон  холбогдох эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтдээс энэ чиглэлээр  хийж байсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, зөвлөмж зэргийг хэрхэн судлан үзэж харьцуулан үзсэн талаар тусгах.

3. Төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын стратегийн болон ерөнхий ба нарийвчилсан үнэлгээг хэрхэн хийлгэсэн, хэрэв эдгээр үнэлгээг хийлгэсэн бол тэдгээрээр өгөгдсөн  зөвлөмжийг хэрхэн  харгалзан үзэж байгаа талаар мэдээлэх.   

4.Төслийг хэрэгжүүлсэнээр тухайн бүс нутгийн байгаль, экологи болон газрын хөрс түүний үржил шим, чанарт нөлөөлөх нөлөөлөл, түүний ашиглалтын чиг хандлагын талаархи мэдээлэл тодорхой гарсан байх шаардлагатай.

5. “Халх гол” төслийг хэрэгжүүлсэнээр тухайн бүс нутгийн байгаль орчны хамгаалал, экологийн тэнцвэрт байдалд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөлөл болон төслийн эерэг нөлөөллийн  баталгаа   зэрэг болно.

Асуулгын хариуг Улсын Их Хурлын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж, улмаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг хүсье” гэжээ.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж