Засгийн газар зарим гэрээ, хэлэлцээрт нэгдэн орох санал тавилаа

Хуучирсан мэдээ: 2010.06.03-нд нийтлэгдсэн

Засгийн газар зарим гэрээ, хэлэлцээрт нэгдэн орох санал тавилаа

Засгийн газраас санаачлан боловсруулсан Барааны тэмдгийн хуулийн тухай Сингапурын гэрээнд нэгдэн орохыг соёрхон батлуулах тухай, Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбогдсон асуудлын тухай хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орсныг соёрхон батлуулах тухай хуулийн төслийг     УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.    

      Барааны тэмдгийн хуулийн тухай Сингапурын гэрээний шинэчилсэн найруулгыг  2006 оны гуравдугаар сарын 13-28-ны өдөр болсон Дипломат бага хурлын үеэр баталжээ. Энэхүү гэрээ нь үндэсний болон бүс нутгийн барааны тэмдгийн бүртгэлийн ажиллагаатай холбоотой зарим асуудлыг хялбаршуулан түргэн шуурхай, ойлгомжтой болгох, барааны тэмдгийн бүртгэлийн зохион байгуулалтын шинжтэй ажиллагааг уялдуулахад чиглэсэн олон улсын уян хатан тогтолцоог бий болгох зорилготой юм байна. 

      Шинэчилсэн гэрээнд мэдээлэл харилцааны технологийн салбарын хөгжилтэй холбоотой асуудлыг шинээр тусгаж, өмнө нь төдийлэн хэрэглэж байгаагүй дүрслэгдэх, гурван хэмжээст, өнгөөс бүрдсэн, хөдөлгөөнт тэмдэг, түүнчлэн дүрслэгдэх боломжгүй дуут, үнэр, амт, мэдрэмж бүхий тэмдгүүдийг хуулинд хамруулж олон улсын гэрээ, хэлэлцээрээр анх удаа хүлээн зөвшөөрчээ. Мөн гэрээний дагуу холбогдох газар нь цаасан буюу цахим хэлбэрээр мэдүүлгийг хүлээн авах боломжтой болжээ.

     Засгийн газар эл гэрээнд нэгдэн орох асуудлыг энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн дэмжиж улмаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцүүлж зөвшилцсөн байна.
     Манай улс Дэлхийн худалдааны байгууллагыг байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт 1997 онд нэгдсэнээр Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбогдсон асуудлын тухай хэлэлцээрт нэгдэж орсон. Энэ нь зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх, патент, барааны тэмдэг, газар зүйн заалт, бүтээгдэхүүний загвар зэрэг оюуны өмчийн эрхийн байдал, тэдгээрийн үйлчлэх хүрээг зааж, оюуны өмчийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой иргэний болон захиргааны, тэрчлэн эрүүгийн арга хэмжээ, хил хамгаалах үйл ажиллагаанд тавих онцгой шаардлагын тухай хэлэлцээр юм.

      Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий зөвлөл уг хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколыг 2005 оны арванхоёрдугаар сарын 6-нд баталжээ. Тус байгууллагын гишүүн орнуудын гуравны хоёр нь уг протоколд нэгдэж орсноор хүчин төгөлдөр үйлчлэх агаад энэ шаардлага хараахан хангагдаагүй байгаа учраас ДХБ-ын Ерөнхий зөвлөлийн 2007 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн шийдвэрээр гишүүн орнууд протоколд нэгдэж орох хугацааг 2009 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгасан ч хэрэгжээгүй тул хугацааг нь 2011 оны арванхоёдугаар сарын 31 хүртэл дахин сунгаад байгаа аж.

     Манай улс энэхүү протоколд нэгдэн орох тухай асуудлыг Засгийн газрын 2009 оны долдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэнийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцээд протоколд нэгдэж орохыг зөвшөөрсөн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж