
Түүнчлэн Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын дарга нь тухайн шатны ИТХ-ын төсвийн ерөнхийлөн захирагч, харин тухайн шатны Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь Хурлын төсвийн ерөнхий менежер байх, мөн ерөнхий менежер нь “байгууллагын балансад байгаа хөрөнгийг үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд заасны дагуу захиран зарцуулах” бүрэн эрхтэй байхаар хуульчилж өгчээ. Гэтэл Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16.1-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал төсөвтэй байх бөгөөд түүнийг Хурлын тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн Хурлын дарга захиран зарцуулна” гэсэн нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн заалттай зөрчилдөж байна гэж эрхэм гишүүд үзээд дээрх зөрчлүүдийг арилгаж, хуулийг нэг мөр болгож цэгцлэх үүднээс ийм хуулийн төсөл санаачилжээ.
Мөн тэд хуулийн зарим зөрчилтэй асуудлыг холбогдох хуулийн заалттай нийцүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилснаа өргөн барилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.