Кличко 40 дэх ялалтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.30-нд нийтлэгдсэн

Кличко 40 дэх ялалтаа авлаа

WBC-гийн дэлхийн хүнд жингийн дэлхийн аварга, Украйны тулаанч Виталий Кличко бямба гаригт аваргын бүсээ хамгаалах ээлжит тулаанаа Альберт Сосновскийн эсрэг хийж, 10 дахь раундад өрсөлдөгчөө нам цохисноор мэргэжлийн боксын рингэн дээрх 40 дэх ялалт, тодруулбал, 38 дахь хүнд цохилтын ялалтаа авсан байна. Бундеслигийн “Шальке 04” клубын үндсэн талбай болох “Велтинс Арена”-д болсон тулаанд Кличко 21 настай залуу тамирчин Сосновскийг буулган авч, аваргын бүсээ хамгаалах дөрөв дэх тулаандаа ялалт байгууллаа. Сануулахад, тэрбээр 2008 онд аравдугаар сард WBC-гийн хүнд жингийн дэлхийн аварга болсон билээ. Тулааны дараа Кличко “Би форм сайтай байлаа. Сосновский насаар надаас дүү, түүний эсрэг намайг сайн тулалдсан гэж үзэгч, сонирхогчид үнэлсэн. Энэ тулаанд ялах гэж Альберт ихэд хичээсэн, гэхдээ миний туршлага надад ялалт авчирлаа” хэмээн ярьжээ. Тулааны эхнээс л Кличко рингэнд илүүрхэж байсан бөгөөд 10 дугаар үе өндөрлөхөд 29 секунд байхад өрсөлдөгчөө хүнд цохилтоор унагаж, улмаар шүүгч тоглолтыг өндөрлүүлсэн байна.
Түүний дараагийн өрсөлдөгч нь WBA-ын аварга Британийн Дэвид Хэй, эсвэл ОХУ-ын Руслан Чагаев нарын нэг байх бололтой.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж