"Тойм Инк ХХК-ийн редактор, нийтлэлч Д.Батбаяртай ярилцлаа.
-Манай улс Хэвлэлийн эрх чөлөөний индексээр бусад улсуудтай харьцуулахад сүүлийн хэдэн жил дундаас доошоо өөрөөр хэлбэл анхаарал татахуйц асуудалтай гэсэн категорид багтаад байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?
-Үүнтэй миний санал нийлэх эсэхийг асуух нь уулаасаа буруу. Тэс хөндлөнгийн,Хил хязгааргүй сэтгүүлчид гээд олон улсын байгууллагын хийсэн судалгааны дүн ингэж гарч. Энэ дүн бол манайхны шалгаруулдаг Алтан өд, Болор үзэг, Алтан шонхор мэтийн ээлж дараатай авдаг шагнал ер биш шүү дээ. Манай сэтгүүлчид л өөрсдийгөө эрх чөлөөтэй байгаа мэтээр сэтгэж жилд нэг болдог баяр дээр ганц нэг хундага татаж, шагнуулсан нэр зүүж сэтгэлээ зогоодог болохоос анхаарал татах хэмжээнд аль эрт хүрчихсэн. Би энэ салбарт тийм ч удаан ажиллаагүй болохоор ямар ч эрх чөлөөгүй байдгийн байна гэдгийг нь ойрмогхоноос л мэдэж авсан. Удаан ажилласан улсууд нь тэр гав гинжиндээ бүр дасаад гавтай эсэхээсээ ч мэдэхээ байчихсан байдаг юм шиг билээ. Айлууд айхтар ярдаг нохойгоо гинжилчихсэн байдаг даа. Ер нь нэг тиймэрхүү, хашааныхаа гадна “Нохойтой” гээд биччихсэн компаниуд захаас аваад байна. “Нохой” нь ямар ч бизнес агуулгагүй, зүгээр л хэн хүн дургүйг нь хүргэвэл суллаад хонгодуулах зорилготой. Заримдаа нохойгоо хооронд нь зодолдуулж таашаал авна. Нохой ч нохой л юм болохоор өөрт нь ямарч хамаагүй юмны төлөө нэгнээ хэмлэж байгаагаа ч мэдэхгүй хүүлэлцээд л…
-Хэвлэлийн эрх чөлөөг бүтэн болгохын тулд яах ёстой юм?
-Би яаж мэдэх вэ дээ. Монголд хэвлэл мэдээлэл ердийн ТҮЦ шиг ашиг олоод ажилладаг болсон цагт эрх чөлөөний тухай, бүрэн бүтэн болох тухай ярьж болох биз. Нимбэг олдвол нимбэгний ундаа хий гэдэг дээ. Хэвлэл мэдээлэл зөвхөн улс төрийн төлөө үйлчиллээ гээд муу юм бас үгүй юм шиг. Ухаандаа, Н.Энхбаярын хэвлэлээс Ц.Элбэгдоржийн муу муухайг, Ц.Элбэгдоржийн хэвлэлээс Н.Энхбаярын бузар булайг олж уншиж болоод байгаа юм. Гол нь уншигч аль алийг нь унших хэрэгтэй дээ.
-Хэвлэлийн эрх чөлөө бүтэн байхын ашиг тусыг та манай уншигчдад хэлээч?
-Хамаг мөнгөөрөө хулхи бараа авбал ямар байдаг билээ? Хэвлэлийн эрх чөлөө хагас дутуу бол иргэнд тийм л мэдрэмж төрнө. Энэ талаар уул нь О.Магнайд хийх юм мөн ч их байна даа. Олон улсын тэр байгууллагын тайлангаар бол Финланд байнга л тэргүүлдэг юм билээ. Манайд хэвлэлийн эрх чөлөө бүрэн дүүрэн бол бид тэдэн шиг амьдарч болно шүү дээ.
-Мэдээллийн Сайтуудын Ассоциаци “Онлайн марафон” аяныг “Хэвлэлийн эрх чөлөөг бүтэн болгоё” уриатайгаар хэрэгжүүлж байгаа юм байна. Иймэрхүү ажлууд нь хэр үр дүнтэй байдаг юм бол.
-Эндээс ямар нэгэн үр дүн гарвал сайн л байна. Хэдэн сэтгүүлч нийлж пиав уугаад л дуусвал ямар ч үр дүн гарахгүй. Эзэд нь хэвлэл мэдээллийг мууд барьдаг модны хэмжээнд хараад байхад хэдэн сэтгүүлч өөрсдийгөө жад сэлэм гэж бодоод яах билээ дээ. Жаахан халамцаж аваад л өөрсдийгөө тэгж төсөөлөх хэрэг гарна.
-Хэвлэл мэдээлийн эрх чөлөөний индексийг тооцход нэг гол үзүүлэлт бол хараат бус Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тоо байдаг. Таныхаар Монголд хэн нэгнээс хараат бус хэвлэл мэддээлийн хэрэгсэл ер нь байна уу?
-Эзнээсээ хараат бус сэтгүүл зүй гэж хаана ч байдаггүй юм шиг билээ. Гэхдээ хэвлэл мэдээлэл бизнес болчихвол хараа хяналт суларна. Манайд хараат бус хэвлэлийн хэрэгсэл мэр сэр бий шд. Хэн нэгний тухай муу муухай мэдээ олж тавиад мөнгө авдаг хэдэн сайт бол туйлын хараат бус. Хэнийг ч хамаагүй алж л байдаг шүү дээ. Тэдэнд хараа хяналт байхгүй шигээ сэтгүүл зүйн ёс суртахуун ч бас байхгүй. Нохойгоор бол зуудаг золбин нохой юм уу даа. Гэхдээ юм голохгүй ээ, олдсоныг нь идэж л орхино.
-Манай хэвлэл хэн нэгнийг дарамталж, хэн нэгний мөнгөнөөс хараат байгааг та юу гэж дүгнэдэг вэ?
-Өлсөөд л байгаа юм байлгүй дээ. Хөөрхий тэр сэтгүүлч чинь бас “Хариад очиход нь хараад суугаа ханьтай, өврөөс нь чихэр горьдох үртэй хүн”.
-Манайх хэзээ нэг хэвлэлийн бүтэн эрх чөлөөтэй орон болох бол?
-За ёстой, “Тааж хэлдэг Таван хан биш, тамшаалж мэддэг тарлан бух биш”. Тэрийг ёстой би таашгүй. Харин манай Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Галаарид гуайгаас асуувал дээр. Цаадах чинь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг бөөгийн буултаас олоод мэдчихсэн, түүнийгээ блог дээрээ тавьчихсан байсан шд. Ер нь манай сэтгүүл зүй бол паранормальный үзэгдэл юм билээ. Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч маань далд чанадын үзэгдэл судалдаг мундаг хүн шүү дээ. Тэгэхээр манай сэтгүүл зүй тэр чигтээ иррациональ. Уул нь сэтгүүлчдийн хийх ажил рациональ хүрээний асуудал. Гээд яахав. UBS нэг мэдрэл муутай хүнээр дэлхий сөнөнө гэж яриулаад ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрч байна. TV9 телевиз бурхан төрүүлдэг хүүхнийг тухай мэдээ бэлтгэж сууна. Тэгсэн чинь харин хөөрхий тэр муу хүүхнийг шүүхэд өгсөн дуулдсан. Тиймэрхүү алдар нэр нөөсөн мэдрэл муутай, боловсролгүй хүмүүс захаас аван бий. Гэтэл түүнийг улсын зөвшөөрөлтэй албан ёсны сувгаар гаргачихаад хариуцлага хүлээхгүй л байна. Тэгэхээр манай сэтгүүл зүй тэр чигтээ паранормальный байгаа биз дээ. Сэтгүүл зүйн салбар эрх чөлөөтэй болохыг хүлээгээд дэмий байх. Тэрний оронд иргэддээ энэ хэний мэдлийн хэвлэл мэдээлэл вэ гэдгийг л хэлээд өгчихвөл хүмүүс хэн нь хэнийгээ юу гэж муу хэлээд байгаа, тэр нь ямар шалтгаантай болохыг бодоод олчихно шүү дээ.