Хуучирсан мэдээ: 2013.04.29-нд нийтлэгдсэн

Хамгийн сүүлчийн тасманы чоно /1933 ОН/

Австралийн зүүн өмнөд хэсэгт орших
Тасман арал нь ховор амьтан, ургамлаараа алдартай билээ. Энэ арлын “Эзэн”
хэмээн нэрлэгддэг амьтан бол тасманы чоно юм. Зарим тохиолдолд, тассие бар
хэмээн нэрлэдэг байна. Энэ амьтан нь Автсралийн өмнөд болон далайн эргийн
чийглэг уур амьсгалтай нутаг, Шинэ Гвиней, Тасман аралд амьдардаг байжээ.
Тасманы чоно нь өнгөрсөн зууны хачирхалтай амьтдын тоонд зүй ёсоор багтдаг. XV
зуунд нээгдсэн энэ амьтны хамгийн сүүлчийнх нь 1945 онд үхжээ. Үүнээс хойш энэ
амьтныг Тасман болон ойролцоох арлуудаас хайсан боловч олдоогүй ажээ.


Энэ
амьтныг анх дөрвөн сая жилийн тэртээ үүссэн гэж Английн эрдэмтэд тодорхойлжээ.
Энгийн чоныг бодвол харьцангуй хурдан хөдөлгөөнтэй, хурц шүдтэй, ясны бүтцийн
хувьд арай өөр байдаг аж. Өөрөөр хэлбэл, муурын төрөл рүү илүү дөхсөн нь
тасманы чонын гол шинж гэдэг. Мөн нуурууныхаа дунд хэсгээс сүүлний үзүүр
хүртлээ хөндлөн хар саарал судалтай. Арьс нь богино, маш нарийн үстэй зэрэг нь
энэ амьтныг байгалийн ямар ч нөхцөлд дасан зохицох чадварыг бүрдүүлсэн байна.
Эртний тасманы чоно нь одоогийн динго нохойноос гурав дахин том биетэй байжээ.
Хувьслын явцад бие нь жижгэрч, үс нь богино болов. Амны ангайх хэмжээ нь
нохойныхоос хамгийн ихдээ хоёр дахин их байжээ.


1642
онд Голландын нэрт аялагч, газар зүйч Абел Тасман (хожмоо түүний нэрээр Тасман
арал хэмээн нэрлэх болсон) уг арлаас тасманы чоныг анх барьжээ. Жуулчин Абел
Тасман сонирхолтой, хачин амьтан барьсан тухайгаа “Энэ хачирхалтай сонин бар
миний сонирхлыг маш их татсан. Тэр хурдан байсан боловч миний бууны сум түүнийг
гүйцэж оносон” хэмээн бахархан тэмдэглэсэн байна. Энэ талаарх мэдээ Европ даяар
тархсан нь хачин сонин амьтдад дурлагсдын сонирхлыг татав. Харамсалтай нь Австрали
арал руу амь дүйсэн аялал хийхийг хүсэх хүн тун цөөхөн байжээ.

 

Аялагч
Йосеф Марио Ду Фресни Энэт­хэгийн далайн Маскарин (өнөө­гийн Марион арал)
арлаас Тасманы чонотой төстэй амьтан барьсан нь европчуудын сонирхлыг өдөөв.
Гэвч аялагчийн олсон амьтан нь элбэг байдаг куолл бар байсан аж.


Харин
1792 оны тавдугаар сарын 13-нд Жак Лабиллардиерээр ах­луулсан Францын аялагчид
тэм­дэг­лэлдээ цөөвөр чоно, бар, чоныг нийлүүлсэнтэй адилхан амьтан харсан
хэмээн тэмдэглэглэжээ. Энэ тухай мэдээлэл тухайн үеийн “Д’Ентрекастрекс”
сэтгүүлд хэвлэгдэж байсан аж. Улмаар Австрали улс байгуулагдахад 1805 онд
Тасман мужийн анхны амбан захирагч Уиллиам Патерсон болсон нь арлыг судлахад
ихээхэн ач холбогдолтой болжээ. Шинэ зүйлсээр дүүрэн Тасман арлын тухай
сурвалжлага “Сидней Газетта” сэтгүүлд хэвлэгдэж байв. Тасманы чонын тухай
сурвалжлагыг Австралийн эрх баригчдаас эхлээд хоригдлууд хүртэл шимтэн уншдаг
байжээ.


Тасман арлын угуул оршин суугчид тасманы чоно болон тасманы
чөтгөр хэмээх амьтныг өөрсдөө авчирсан хэмээн үздэг байжээ. Учир нь дэлхийн
хаана ч тасман арал дээрх амьтад байхгүй гэж арлын оршин суугчид тодорхойлж
байсан аж. Голландын эрдэмтэн Марио Ван Гуртартих 1813 онд Тасманы арлаар
аялахдаа угуул индианчуудтай уулзаж, тэднийг бусад тивийн талаар маш сайн
ойлголттой болохыг тогтоожээ. Эрдэмтний тэмдэглэснээр арлын эртний оршин
суугчид тасманы чоныг нохой шиг сургаж, дасгасан. Бүр нүүдэллэн очихдоо авч явж
байсан аж.


Арлын
“эзэн” 100-130 см урттай, сүүл нь 50-65 см урт, жин нь 20-30 кг байжээ.
Судлаачдын тогтоосноор энэ амьтны хамгийн том нь 2.9 метр урттай байсан гэнэ.
Ийм хэмжээтэй Тасманы чоно нь 1800 он хүртэл амьдарч байсан хэмээн түүхэнд
тэмдэглэгджээ. Харамсалтай нь том хэмжээтэй чонын талаарх биет мэдээлэл байхгүй
юм.


Харин
1933 онд судлаач Дэвид Флэй Лондонгийн амьтны хүрээлэнд амьд Тасманы чонын дүрс
бичлэгийг хальсанд буулгажээ. Дүрс бичлэг энэ амьтны хувьд эхний бөгөөд эцсийнх
нь байсан юм. Орчин цагийн судлаачдын тогтоосноор нас биед хүрсэн Тасманы чоно
46 шүдтэй байжээ. Эдгээр нь маш хурц аж.


“Яап-яап,
кая-яип, хоп-хоп-хоп” хэмээдэг нь гэр бүлийнхнийгээ дуудахдаа дуугардаг. Энэ
тухай 1910 онд Тасманы амьтны хүрээлэнгийн ажилтан, арлын уугуул оршин суугч
Мартин Ивоуяа ярьжээ. Тэрбээр Тасманы чоныг судлахад бүх насаа зориулсан бөгөөд
итгэлийг нь олсон хүнийг уг амьтан хэзээ ч барьж иддэггүй гэдгийг нотолсон
байдаг. Өөрөөр хэлбэл, тэр амьтан өөрт нь сайн, муу үйл хийх хүнийг ялгах
чадвартай байсан нь бусад араатныг бодвол харьцангуй мэдрэмжтэй гэсэн үг.


Энэ
амьтан сүргээрээ биш гэр бүлээрээ амьдардаг. Аав, ээж, хүүхдүүд гээд яг л
хүмүүсийн амьдралын системтэй адилхан. Харин бусад араатан шиг сүрэг дотор нэг
ч толгойлогч байхгүй. Энэ чанар нь Тасманы чоныг илүү гэр бүлсэг гэдгийг нь
батална. Аав, ээж нь анд явна. Харин хүүхдүүдээ насанд хүрэхээр нь гэр бүлээсээ
хөөдөг. Хамгийн хачирхалтай нь бэлэвсэрсэн охин нь эргээд гэр бүлдээ ирвэл
хүлээн авч, эр чоно олдох хүртэл асардаг байна.


Тасманы
чонын хамгийн сүүлчийн төлөөлөгч 1945 онд үхсэний дараа энэ амьтныг хайх ажиллагаа
эрчимтэй явагдаж байжээ. Үүний өмнө ч хайж олоход асар их хөрөнгө хүч зарцуулан
Тасманы ширэнгээр олон тооны баг явсан ч тэр болгон нь амжилттай болоогүй
гэдэг. Тасманы чоныг олох нь амь дүйсэн аялал байлаа. Учир нь арлын цаг агаар
хувирамтгай төдийгүй, халуун орны хумхай өвчин тусах магадлал өндөр байсны
улмаас тасманы чоныг хайх ажиллагаанд оролцож байсан хүмүүсийн дийлэнх нь амь
эрсэджээ.


1983
онд Тед Турнер хэмээх баян эр арлын “эзэн”-ийг олсон хүнд 100 мянган ам.доллар
амлаж байсан аж. Гэвч энэ ажиллагаанд тун цөөхөн экспедиз оролцож, амжилт
олсонгүй. Харин 2005 оны гуравдугаар сард Австралийн “The Bulletin” сонины 125
жилийн ой болжээ. Энэ үеэр тус сонины редакци тасманы чоныг амьдаар нь олсон
хүнд 1.25 сая ам.долларын шагнал амласан байна. Үүнд олон экспедиз оролцсон ч
амжилт гарахгүй байсныг үндэслэн гурван сарын дараа шагналын мөнгийг 1.75 сая
ам.доллар болгож өсгөв. Гэвч олон тооны сурважлагын баг арлын “эзэн”-ийг
олоогүйгээр 2005 оны арваннэгдүгээр сард “The Bulletin” сонин хайх ажиллагааг
албан ёсоор зогсоожээ. Харин нутгийн уугуул иргэдэд “эзэн” нь үе үе үзэгдэж
байв. Тухайлбал, арлын зүүн хэсгээр явж өнгөрсөн мөр нь үлдсэн байна. Энэ бол
арлын “эзэн” амьд байгааг гэрчлэх аж.


Тасманы чоно бол дэлхий дээрх бусад
амьтныг бодвол ухаалаг, гэр бүлсэг гэдгээрээ хүн, мичний дараа орох амьтан
хэмээн Мельбурн хотын эрдэмтэд тодорхойлдог байна.

 Д.ТҮВШИНТӨР

http://soninhachin.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж