Европын комиссын дэд ерөнхийлөгчтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2013.04.29-нд нийтлэгдсэн

Европын комиссын дэд ерөнхийлөгчтэй уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Европын комиссын дэд ерөнхийлөгч бөгөөд Европын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч хатагтай Кэтрин Эштоныг хүлээн авч уулзлаа.

Манай оронд зочилж, АОХН-ийн Сайд нарын VII бага хуралд оролцож байгаад нь Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг талархал илэрхийлээд, Европын холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг бололцоотой бүх түвшинд хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг онцлон тэмдэглэв. Олон орны зочид төлөөлөгчдийг урьж оролцуулсан том хурлыг өндөр хэмжээнд зохион байгуулж байгаад Европын холбооны дээд төлөөлөгч баяр хүргэхийн зэрэгцээ Монголд айлчлан ирэхээр төлөвлөж байсан Европын комиссын Ерөнхийлөгч ноён Ж.М.Барросогийн мэндчилгээг Ерөнхий сайд Н.Алтанхуягт уламжиллаа.

Энэ уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг ахиулах боломжийн талаар хөндөн ярилцсан юм. Монгол Улс Европын холбооны 11 оронд дипломат төлөөлөгчийн газраа ажиллуулдаг, иймд цаашид Европын холбоо Улаанбаатар хотноо төлөөлөгчийн газраа нээх нь хоёр талын улс төрийн харилцааг бэхжүүлэх, бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Түүнчлэн, Европын холбооноос олгож буй Хөнгөлөлтийн ерөнхий схемд Монгол Улс амжилттай хамрагдаж ирснийг дурьдаж, энэ хөнгөлөлтийг үргэлжлүүлэх хүсэлтэй байгааг мэдэгдлээ. Хөнгөлөлтийн хүрээнд хөдөө аж ахуй, мал аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрийн экспортын өндөр чанартай, байгалийн гаралтай бүтээгдэхүүн бэлтгэн гаргах боломж байгааг хэллээ. Үүнээс гадна эдийн засгийн өсөлтөө иргэдийнхээ ахуй амьжиргаанд тусган дээшлүүлэхэд Европын холбооны арвин туршлагаас суралцах шаардлагатай гэж үзэж байгаагаа дурьдав.

Харин хатагтай К.Эштон Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газрыг Европын холбооны нийтлэг зарчим, стандартыг Монголд нутагшуулахыг бүх талаар дэмжиж байгаад талархлаа илэрхийлээд худалдааг хөнгөвчлөх, дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа илүү нээлттэй болгон өргөжүүлэхэд Европын холбооны зүгээс дэмжлэг үзүүлэхээ тэмдэглэв. Түүнчлэн, 1920-иод оноос эхтэй боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, оюутан солилцоог нэмэгдүүлэх боломжтойг ч дурьдлаа.

Уулзалтын үеэр Европын комиссын Ерөнхийлөгч ноён Ж.М.Барросо ойрын хугацаанд зочлон ирэхээр төлөвлөж буйг хатагтай Ж.Эштон уламжиллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж