Тува улсын дуучин Sainkho Namtchylak буюу Сайнхүү Монголд анх удаа зочлон, өчигдөр “iLoft Function house”-д “Mother earth, Father sky” тоглолтоо хийсэн юм.
Өдгөө 56 настай түүний уран бүтээлүүдээс үндэсний урлагийн урсгалууд болон бидний сонсдог орчин үеийн хэмнэлүүд үнэртэж байлаа. Тэрээр тайзнаа DJ хийн, хөгжмөө өөрөө тааруулан, өнөөх гайхалтай хөгжимдөө орос, англи, тувагаар дуулан бүүр хөөмийлсөн гээч. Түүний гайхалтай цээл нарийн хоолойг үндэсний хэмнэл ханхалсан орчин үеийн хөгжмийн хэмнэлтэй нь хослуулан сонсох тусам дурлан байлаа. Тэрээр хөгжийн аяз намуухнаас доргио болж, өнөөх гайхалтай, мэдрэмжтэй дуу хоолой нь нарийнаар бүүр бүдүүрэн танхим дүүрэн эгшиглэнэ. Энэ нарийнхан цээл хоолойгоор аяж хөөмийлчихөв өө хэмээн зарим нэг нь бүүр дуу алдаж байгаа харагдсан шүү. Түүний тоглолтыг үзэж байхдаа энэ чинь яг манай хүн байна, манай хөгжим мөн байна хэмээн өөрийн эрхгүй дуу алдмаар. Тэрээр тайзнаа хувьсагч нэгэн гэлтэй “Алтан ураг” хамтлагтай этник рокоор хослон намуухан хэрнээ чадалтай хоолойгооо гайхуулсан бол “Моханик”-ын гитарчин Цоожоотой хамтран чөлөөт хэмнэлээр залуусыг доргион тайзнаас тэднийг дагуулан бүжиглэсэн. Түүний энэ үдэш тайзнаас хүргэсэн дуу бүр нь ямар гоё байв аа. Түүний төрх, хөгжмийн хэмнэл дэндүү элгэмсэг санагдсан шүү. Тэрээр Халимаг, Тува, Германд амьдардаг, биднээс тэс өөр хирнээ бидний мэдрэмж, атмосфер яг энэ л тоглолтод нэгэн цэгт нийлсэн. Тэр бол манай талын Сайнхүү.
Манайд болсон тоглолт болгоны дараа сонсогч, үзэгчид дуугаралт болгоныг голдог. Гэхдээ энэ тоглолт дээр тэр дуугаралт гэдэг яриаг бүүр хасч хаямаар. Зүгээр л өөрөө өөрсдийнхөөрөө, байгаагаараа энэ тоглолтыг гоё хүлээж авсан. Цаг хугацаа яаж явсныг бид мэдэж ч амжилгүй дууссан. Бүгд түүнийг ойроос харах гээд тайз руу хошууран тэнд түүний хэмнэлд өөрийгөө мэдрэх тусам халуухан болж байсан ч тоглолтын дундуур гарч агаар амьсгалах ч сөхөө олдолгүй нэг л мэдсэн дууссан. Сайнхүү бидэнд оюуны энэ сайхан уламжлалт ардын урлагтой хослолсон үндэсний хөгжмийн бүтээлүүдээ дэлхийн хөрсөнд буулгах цаг болжээ гэдгийг сануулах шиг. Сайнхүү Монголд ирнэ гэхэд тэр бүр хүн түүнийг мэдэхгүй л байсан. Тэрээр хэдэн жилийн өмнө хэсэг хүмүүсийн хүрээнд нэрд гаран дараахан нь таг болсон. Гэнэт л түүнийг Монголд авчирна гэж чимээ гарахад нээрээ ирэх гэж байгаа юм бол уу гэж бодсон. Тэр ирсэн, түүнийг дэргэдээс нь амьдаар нь сонслоо. Одоо бол түүнийг нэгэн сэтгүүлчийн бичсэнчлэн “Дорнын Бьорк” гэж хэн нэгэнтэй харьцуулмааргүй байна. Тэр бол ганцхан хувь, жинэхэн амьд мэдрэмжийг төрүүсэн манай талын Сайнхүү.
Гэрэл зургийг Alpha.mn