11 мянган га газар иргэдэд шинээр өмчлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.29-нд нийтлэгдсэн

11 мянган га газар иргэдэд шинээр өмчлүүлнэ

11 мянган га газар иргэдэд шинээр өмчлүүлнэ

Өнгөрсөн бямба гаригт Тусгаар тогтнолын талбайд газраа өмчлөх, газартай болох гэсэн иргэд цугларсан байлаа. Энд “Газрын харилцаа, газар өмчлөл-10 жил” өдөрлөгийг Нийслэлийн Өмчийн харилцааны газраас зохион бай­­гуулсан юм. Газраа хэрхэн өмчилж авах талаар мэдээлэл өгнө гэсэн болоод ч тэр үү иргэд олноор цугларчээ. Дүүрэг дүүргээс барьсан майхнуудын дэргэд иргэд бөөгнөрөн зогсч сонирхсон асуултдаа хариу авч байсан юм. Зарим нь нухацтай гэгч нь мэдээлэл авах гэж мэргэжилтнүүдийг багагүй шалгааж гарна билээ. Нэг өвөө бүр мэргэжилтэн залууг татаж ирээд “Миний газар энэ байхгүй юу” гээд л таягаараа газар зурж үзүүлэн, “Миний энэ газар дээр өөр нэг хүн хашаа барьчихаад байна. Уг нь миний өмч биз дээ. Одоо яах ёстой вэ. Хэлээд, хэлээд нэмэр алга” хэмээн учирлаж байв. Энэ мэтээр газрын мэргэжилтэн, иргэд хоёрын хооронд илэн далангүй яриа өрнөж, иргэд ч хүссэн мэдээллээ авсан бололтой, зарим нь “За ашгүй дээ. Нэг ч гэсэн асуудлаа шийдчихлээ” гэж байсан. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Гэлэгжамцтай уулзахад, “Газар өмчлүүлдэг юм болов уу. Өмчлүүлнэ гэвэл маньд олддог юм болов уу гэдгийг л мэдэх гэж ирлээ. Би орон сууцанд амьдардаг юм. Ойрхон амуудаар газар олгож байвал олж авах санаатай. Газар ховор болоо шив дээ. Ойрын үед гэр хорооллынхон “Газрыг маань хурааж авах гэж байна” гээд бөөн л юм болоод байх шиг. Газрыг нь аваад орон сууц барина гэхээр санаанд нь нийцэхгүй байгаа бололтой” хэмээж байв.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ГАЗРЫН НӨӨЦ БАЙХГҮЙ УЧРААС ШИНЭЭР ГАЗАР ОЛГОХГҮЙ

Ц.Гэлэгжамц гуайтай адилхан бодол тээсэн, “Шинээр хаана газар олгох бол” гэсэн хүмүүс олон байсан юм. Энэ үеэр Чингэлтэй дүүрэгт шинээр газар олгож байгаа эсэхийг тус дүүргийн Өмч, газрын харилцааны албаны мэргэжилтэн О.Эрдэнэчимэгээс тодрууллаа.

-Чингэлтэй дүүрэгт шинээр газар олгох уу?
-Манай дүүрэгт газрын нөөц байхгүй учраас шинээр газар олгохгүй.

-Чингэлтэй дүүргийн иргэн нийслэлийн бусад дүүргээс газар өмчилж авъя гэвэл яах ёстой вэ?
-Улаанбаатар хотын иргэн л бол нийслэлийн аль ч дүүрэгт газар өмчилж, эзэмшиж болно. Тухайн газар өмчлөх гэж байгаа дүүрэгтээ хүсэлтээ гаргана. Мөн Улаанбаатарт ямар ч газар эзэмшдэггүй гэсэн тодорхойлолтыг нийслэлийн Өмчийн харилцааны газраас авах хэрэгтэй.

-Аль дүүрэгт шинээр газар олгож байгаа бол?
-Сонгинохайрхан, Хан-Уул дүү­рэгт шинээр газар олгохоор ярьж байсан. Тиймээс энэ дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албанд хандаад хаана газар олгож байна гэдгийг нь мэдэж болно.

Мөн Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхтэй уулзсан юм. Тэрбээр “Шинээр газар өмчлүүлэх, эзэмшихийг Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар түр зогсоосон. Нийслэлийн хэмжээнд газрын нөөц дуусч байгаа. Харин одоо урьд нь замбараагүй олгосон газраа эмхэлж цэгцлэх ажлыг хийж байна” гэв. Нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүрэгт шинээр газар олгохоор төлөвлөжээ. Гэхдээ шинээр газар олгох хүсэлтийг хараахан хүлээж аваагүй байгаа бөгөөд удахгүй хүсэлт хүлээн авах хугацааг зарлах юм байна. Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд Дэлгэрбулагийн аманд 100 га газар шинээр олгохоор тусгажээ.

ЗУСЛАНГИЙН ГАЗРЫГ ӨМЧЛҮҮЛНЭ

Нийслэлийн Өмчийн ха­рил­цааны газрын дарга Ш.Төмөр­баатараас зарим зүйлийг тодрууллаа.

-“Газар өмчлөлийг эрчим­жүүлэх” аяны хүрээнд хэчнээн айл өөрийн гэсэн  газартай болсон бэ?
-2000 айл газраа өмчилж авсан.

-Улаанбаатарт өмчлүүлэх газар үлдсэн үү?
-43 байршилд 11 мянга орчим га газрыг иргэдэд шинээр өмчлүүлэх төлөвлөгөө гаргаад байгаа. Нэг дүүрэгт ойролцоогоор 10 байршилд газар өмчлүүлнэ гэсэн үг. НИТХ-аар хэлэлцүүлж байж өмчлүүлэх ажлыг үргэлжлүүлнэ.

-Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх газрын нөөцгүй болсон гэсэн үү?
-Нийслэлийн 1.1 сая иргэнд газар өмчлүүлэх ёстой. Нөхцөл байдалд үндэслээд цаашид зуслангийн газар, орон сууцны доод газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна. Мөн шинэ суурьшлын бүст газар өмчлүүлнэ.

ИРГЭД ХУУЛИЙН МЭДЛЭГГҮЙГЭЭС БОЛЖ ГАЗРАА ӨМЧИЛЖ АВЧ ЧАДДАГГҮЙ

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг батлаад 10 жилийн нүүр үзжээ. Газар бол зөвхөн дээр нь гэр байшин барьж оршин суухаас гадна эдийн засгийн эргэлтэд оруулах хамгийн үнэ цэнэтэй баялаг. Гэвч хөрөнгийн эрхийг нь баталгаажуулж өгөхгүй бол иргэн хэдий газартай байлаа гээд нэмэргүй. Тиймээс иргэдэд газрыг нь өмчлүүлэх ажил энэ өдрүүдэд эрчимтэй өрнөж буй юм. Тодруулбал, “Газар өмчлөлийг эрчимжүүлэх” аяныг өнгөрсөн сарын 28-наас эхлүүлээд буй. Мөн Монголын Мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төслөөс “Хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажил”-ыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд нийт 46 мянга гаруй хашааны газрын нарийвчилсан судалгаа хийжээ. Үүнээс дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албадаас зөвшөөрсөн, хуульд заасан шаардлагуудыг бүрэн  хангасан хашааны газрыг иргэдэд нь өмчлүүлж буй юм. “Газрын харилцаа, газар өмчлөл-10 жил” өдөрлөгийн үеэр 100 гаруй иргэн улсын бүртгэлийн гэрчилгээгээ гардан авсан юм. Газрынхаа гэрчилгээг гардаж аваад баярлан алхах Сонгинохайрхан дүүргийн иргэн Ш.Дашцэрэнтэй уулзахад, “Бидний өмчийг хувийн болгож өгсөнд баяртай байна. Мянганы сорилтын сангийнхан миний өмнөөс бичиг баримтыг маань бүрдүүлж өгөөд намайг газартай болгож өглөө” гэсэн юм.

Энэ үеэр ММСС-гийн Хөрөнгийн эрхийн төслийн Чингэлтэй дүү­рэг хариуцсан Газрын зах зээлийн мэргэжилтэн Ж.Тогтохбаяртай уулзлаа.

-Иргэд ямар шалтгаанаас болоод газраа өмчилж аваагүй байх юм?

-Хамгийн түгээмэл шалтгаан нь хуулийн мэдлэг дутуугаас болсон байна. Газар эзэмших эрх олгосон  Засаг даргын шийдвэрийг хүлээж аваад л газраа өмчлөөд авчихлаа гэж олгодог. Газар олгох Засаг даргын шийдвэр нь Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдсэний дараа газар өмчлөх гэрчилгээтэй болох ёстой. Мөн санхүүгийн боломжоос болоод газраа өмчилж аваагүй байх тохиолдол гарч байна.

-Газар өмчилж авахад хэчнээн төгрөг шаардлагатай байдаг юм?

-Хамгийн түрүүнд кадастрын зураг хийлгэнэ. Кадастрын зураг хийлгэхэд 20-50 мянган төгрөг хэрэгтэй. Тэгээд өргөдөл хүсэлт, иргэний үнэмлэх, бичиг баримт бүрдүүлэх, хувилуулах гээд багагүй мөнгө ордог. Газраа өмчилж чадахгүй удаан явснаас болж зөрчил маргаан үүссэн байна.

-Айлуудаар явж байхад нэг газрыг хоёр хүн эзэмшсэн тохиолдол гарсан уу?
-Одоогоор газрыг хоёр хүн эзэмшсэн тохиолдол гараагүй байна. Харин бие биенийхээ эзэмшсэн хил хязгаар руу нэвтэрч орсон тохиолдол гарч байна. Иргэд хуулийн мэдлэггүйгээсээ болоод хашаагаа сунгасан, бусдын өмчлөх эрхэд халдсан асуудал гарч байна.

Монголын Мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төсөлд хамрагдахын тулд иргэд гэртээ байж байхад л болох юм байна. Төслийн ажилтан айл бүрээр орж судалгаа хийж, хашааны эзэн газар өмчилж авах аль шатандаа явж байна, бичиг баримтын бүрдүүлэлт нь ямар байна гэдгийг тогтооно. Үүндээ үндэслээд зөрчил маргааныг нь шийдвэрлэж өгдөг юм байна.

Б.АЗЗАЯА
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж