Грек 15000 төрийн албан хаагчийг цомхотгоно

Хуучирсан мэдээ: 2013.04.29-нд нийтлэгдсэн

Грек 15000 төрийн албан хаагчийг цомхотгоно

Грекийн парламентаас ирэх жилийн эцэс гэхэд нийт 15 мянган төрийн албан хаагчийг цомхотгох тухай хуулийн төслийг баталжээ. Төрийн албан хаагчдыг олноор нь цомхотголд оруулж, ажлаас нь халах тухай хуулийн төслийг Грекийн парламентийн 168 гишүүнээс 123-ынх нь саналаар баталсан тухай ВВС мэдээлсэн байна. Цомхотголын хуулийн хүрээнд эхний ээлжинд ирэх  зургадугаар сарын сүүл гэхэд 2000 төрийн албан хаагч, цаашлаад 2014 оны төгсгөл гэхэд 13 мянган хүн ажлаасаа халагдах гэнэ.

Ийнхүү Грекийн Засгийн газар төрийн албан хаагчдыг цомхотгож, зардлаа хэмнэснээр олон улсын зээлдэгчдээс 8.8 тэрбум еврогийн зээл, тусламж  хүлээн авах боломжтой болсон байна. Энэ хүрээнд өнөөдөр Евро бүсийн албаныхан Грекийн 2.8 тэрбум еврогийн хугацаа хэтэрсэн зээлийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн батлах гэнэ. Харин үлдсэн 6 тэрбум еврог ирэх тавдугаар сарын 13 гэхэд шийдвэрлэх аж.

Грекийн Засгийн газар эдийн засгийн хямралыг даван туулж, өрийн дарамтнаас гарахын тулд олон улсын зээлдэгчдээс мөнгөн тусламж, дэмжлэг авах зайлшгүй шаардлагатай тулгараад байгаа бөгөөд зардлаа багасгахын тулд төрийн албан хаагчдыг цомотгохоос өөр аргагүй болжээ. Грекийн засаг захиргааны нэгжүүдэд төрийн албан хаагчид өөрийн хүмүүсээ ажилд авсаар 1970-1980 оны хооронд боловсон хүчинд зарцуулах зардал эрс нэмэгдсэн аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж