Хуучирсан мэдээ: 2013.04.29-нд нийтлэгдсэн

Танилын маань охин Туркт сурдаг юм. Ойрмогхон тэр гэрийнхэнтэйгээ ярьжээ. Туркууд Монголд визгүй зорчдог болсон гэнэ. Монгол руу хэсэг  бүлгээрээ явна сууна  гэсэн хүмүүс олширсныг сонин болгон дуулгасан байна билээ.

Үнэхээр ч ноён Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан Монголд хийсэн айлчлалынхаа үеэр турк иргэдийг визгүй зорчуулах яриа хэлэлцээр хийгээд буцсан. Монголчууд бол Туркт 2007 оноос визгүй зорчиж байгаа.

Одоо аяганы хариуг нь барих ээлж ирж байгаа нь энэ байх. Тэгээд ч Турк улсыг бас манай гурав дахь хөрш гэж нэрлээд байгаа болохоор тугалыг нь тураахгүй байх хэрэгцээ шаардлага байдаг л байлгүй яав гэж. Гэхдээ аливаа юм эерэг сөрөг хоёр талтай. Визгүй болсонд нь монголчууд нэг их таатай хандахгүй байгаа нь энэ тэр  сайтуудын сэтгэгдлээс торойтол мэдрэгдэж байна билээ.

Тосны өт шиг тоо толгой нь нэмэгдээд байгаа хятад, солонгосуудыг бид баахан хажигламтгай. Одоо дээр нь туркууд нэмэгдэх юм байна. Турк 74 сая орчим хүн амтай. Гурван сая хүрэхгүй бидний хувьд гэвэл дэндүү том тоо. Тэд визгүй боллоо гээд бүгд гуяа алгадаад Монгол руу гүйхгүй нь мэдээж. Энэ олон иргэний ихэнх нь анзаарах ч үгүй.  Гэхдээ монголчуудын амьдрал, сэтгэхүйд ачаалал үүсгэх талаасаа гэвэл  нэг их олон байх шаардлагагүй. Бид чинь цөөхүүлээ шүү дээ. 

Ядаж байхад Ерөнхий сайд маань “Манай Турк улсын иргэд эцэг өвгөдийнхөө нутагт чөлөөтэй ирэх боломж нөхцөл бүрдэж байгаа”, “Манай Турк улсын иргэд болбол Монгол Улсыг сонирхож биш зорьж ирнэ, энэ үүд хаалга улам нээлттэй болж байгаа” гээд хэлчихсэн юм байна. Энэ үгэнд нь туркууд олзуурхаж, монголчууд дээр доргүй л шүүмжилж байна. Мөнөөх Ө.Энхтүвшингийн “махны үнэ 1200 хүрлээ” гэх алдарт үгийг тоосон дундаа орхичихоод байгаа. За ингээд л  “манай туркууд” манай орон руу олноороо л ирж очиж байх бололтой юм.  Унаа тээвэр асуудалгүй. Өнгөрсөн долдугаар сараас “Turkish airlines” Истанбул-Улаанбаатарын чиглэлд долоо хоногт гурван удаа нислэг хийж эхэлсэн. Гэхдээ долоо хоногт нийт 500-гаас хэтрэхгүй зорчигч тээвэрлэнэ гэсэн хязгаартай байсан. Харин энэ сарын дундуур Туркийн Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр энэ нислэгийн тоог нэмэгдүүлж өдөр тутам болгох, зорчигчдын тоонд хязгаар тогтоохгүй байх санал тавьсан. Энэ бол зорчигчдын урсгалыг нарийн тооцож гаргасан санал байж таарна. Энэ жишгээр бол долоо хоногт доод зах нь 1000-1500 зорчигч Монголыг зорих боломжтой болж байна. Ирж очих нь тэдний хэрэг. Өвгөд дээдсүүдийн маань амьдарч байсан  нутаг гэх  дотносол байдаг л байлгүй. Юутай ч  Монгол бол тэдний хувьд соргог, сонирхолтой, бас боломжтой орон зай байж таарна.

Харин визгүй болсноор бид юуг олж, юуг алдах вэ. Асуудлын гол гогцоо үүнд л буй. Эхлээд өөдрөгөөр харъя. Монголд ирэх жуулчдын тоо нэмэгдэнэ. Үүнийг дагасан үйлчилгээ мэдээж цар хүрээгээ тэлнэ. Монголд олдох эхний боломж нь энэ. Турк аж үйлдвэрлэлийн хэмжээгээрээ дэлхийд 15-д эрэмбэлэгддэг, G-20-ийн гишүүн орны нэг. Турк Европын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг учир чанарын хувьд чамлахааргүй. Бас үнэ ханш нь боломжийн. Ялангуяа арьс нэхий, торго даавуу нь. Тиймээс манай зах зээл дээрх урд зүгийн чанаргүй бараа багасна. Гэхдээ тэднийг хуурамч бараа үйлдвэрлэхдээ гаршсан улс хэмээн ярилцах юм билээ. Юутай ч хоёр орны хоорондох ачаа эргэлт эрс нэмэгдэнэ. Хоёр орны авиа компаниуд хамтран Истанбул-Бишкек-Улаанбаатар-Сөүл гэсэн чиглэлд долоо хоногт гурван удаа ачааны нислэг хийх санал өнгөрсөн айлчлалын үеэр яригдсан. Энэ мэтээс харвал ийм итгэл төрж байна.

Монголчууд бид гадаад “бурхад”-ыг гар тосон хоймортоо залах дуртай хүмүүс. Солонгос, хятадууд манай нийтийн хоол, барилгын салбараас багагүй мөнгө босгож чадсан. Харин одоо туркуудэд гуравдугаар ээлжинд “хоолондоо орох” боломж ирж байна.

Тэднийг бид бараг танихгүй. Орхоны хөндийн Хөшөө Цайдамын дурсгал, Тоньюкукийн хөшөө л түрэгүүдийн талаархи хамгийн ойрын мэдээлэл, төсөөлөл.

Ази Европыг дамнан орших БНТУ-ыг хамгийн баруунжсан исламын ертөнц гэлцдэг. Хэдийгээр албан ёсны арга хэмжээ хурал зөвлөгөөн, спортын тэмцээн уралдаанд Турк Европ тивийн төлөөлөл болдог ч  Европын холбоо гишүүнээрээ элсүүлж авалгүй өдий хүрч байгаа. Тэгээд тэднийгээ “Европын хятадууд” хэмээн нэрлэдэг гэлцэх юм билээ. Хүний наймаа нэлээдгүй цэцэглэж байгаа улс гэсэн мэдээлэл энд тэндээс олж уншиж байсан. Монголчууд ч үүнд өртөөд авсан. Хэвлэл мэдээллээр энэ тухай хэдэнтээ бичигдэж байсныг санаж байна. Нөгөөтэйгүүр Туркдээ бол ажлын байр хангалттай биш, цалин хөлс нь ч сайнгүй гэх юм билээ. Тийм болохоор монголчууд тийшээ нэг их зориод байх шалтгаан ховор мэт. 

Харин одоо эсрэгээрээ туркууд Монголд олноороо ирнэ. Гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгын салбарт тэдэнтэй түлхүү хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм билээ. Түүнчлэн арьс шир, нэхий эдлэл боловсруулах чиглэлэээр өргөн хүрээнд хамтарна гэж байгаа. Хамтрах сайхан ч монголчуудын уугуул эрх ашиг гэж юм бий. Тэр нь монгол хүний ажлын байр, дотоодын үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих явдал. Тэд ирнэ, болсон болоогүй баахан жижиг дунд үйлдвэр байгуулна. Өсч өндийх гэж үйлээ үзэж байгаа үндэсний жижиг дунд үйлдвэрүүдийн маань үндэс нахиаг нь жавраар хайрч, жалганд шахаж мэдэх л байх. Хятад ногооны импортоор газар тариалангийнхаа үйлдвэрлэлийг гацааж байсантай адил юм болбол яах билээ. Дотоодын барилгын материалын үйлдвэр байгуулах төлөвлөгөө ч домог болон үлдэж мэднэ.

Монголоос ганзага хоосон гарахгүйгээ тэд мэднэ. Атга чихэр, ам даавуу авч явахгүй нь тодорхой. Мөнөөх л хятад, солонгосуудын нэгэн адилаар алт мөнгө, үнэт эдлэл, ангийн арьс яс гээд аль болохгүйд нь дурлана.

Өөр нэг асуудал байна аа. Турк манайх шиг эмэгтэйчүүд нь ганзага чирдэг орон биш байж таарна. Тэгэхээр тэр газраас эрчүүд л ирж таарна. Аль газрын эр хүн энд ирээд эхлээд эмс хүүхнүүд дээр маань нүд тогтооно. Юм юм л болно доо. “Даяар Монголынхонд” л баахан ажил удах байх даа.  

Туркуудыг явсан газартаа сайн нэртэй байсан гэж сонсч дуулж байгаагүй юм байна. Гэхдээ ирэх зочноо урьтаж муулах нь жудаг журам талаасаа тохиромжгүй учир ингээд өндөрлье. Тэгээд ч тэднийг урьж, хаалга үүдээ нээж өгч байгаа нь монголчууд бид өөрсдөө шүү дээ.

П.ЯДАМДОРЖ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж