Элегестийн нүүрсний ордыг ашиглах эзэн тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.04.29-нд нийтлэгдсэн

Элегестийн нүүрсний ордыг ашиглах эзэн тодорлоо

Тувагийн Бүгд найрамдах улсын газар нутагт орших Улуг-Хемскийн нүүрсний сав газар дахь Элегестийн коксжих нүүрсний ордыг ашиглах лицензийг Тувагийн эрчим хүчний үйлдвэрлэлийн корпораци /ТЭПК/ авчээ. Энэ тухай тус компанийн захирал Руслан Байсаров мэдэгдсэн байна. Нийт 1 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй эл орд газраас 20 жилийн хугацаанд нүүрс олборлох эрхийг 548 сая рублиэр авчээ.

Элегестийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд нэн тэргүүнд Оросын дэд бүтцийн салбар дахь хамгийн том төсөл болох 411,7 км Кызыл-Курагиногийн төмөр замын сүлжээг байгуулах шаардлагатай байгаа юм. Энэхүү төмөр замын сүлжээг байгуулахад 195 тэрбум рублийн хөрөнгө шаардлагатай бөгөөд Омскийн “Мостовик” компани төмөр зам барих эрхийг аваад байна. Тус ордод уурхай барьж байгуулахад хоёр жил зарцуулж, 2018 он гэхэд жилд зургаан сая тонн коксжих нүүрс үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Нүүрсээ нийлүүлэх гол зах зээл нь Хятад, Япон болон Өмнөд Солонгос улс байх бөгөөд тухайн үед нүүрсний салбар дахь томоохон нийлүүлэгч нь Монгол, Мозамбик, Австрали улс байхаар тооцоолжээ.

Тувагийн эрчим хүчний үйлдвэрлэлийн корпораци энэ оны сүүлч гэхэд Ванино боомтод нүүрсний терминал барих ажлаа эхлүүлэх аж. Энэ төсөл нийтдээ 12 тэрбум рублийн өртөгтэй юм.

Э.Од

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж