Хөшигийн хөндийнх “Чингис хаан” буудлаас хоёр дахин том

Хуучирсан мэдээ: 2013.04.29-нд нийтлэгдсэн

Хөшигийн хөндийнх “Чингис хаан” буудлаас хоёр дахин том

Арваад жил яригдсан Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр болсон. Монгол Улсын Засгийн газар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай тус онгоцны буудлыг барих гэрээг 2006 онд үзэглэсэн ч тендерийнх нь гүйцэтгэгч компани тодроогүй, хөрөнгө мөнгөө тохироогүй гэх шалтгаанаар ажил нь уягдаж буй. Харин энэ сарын 23-ны УИХ-ын Эдийн засгийн болон  төсвийн байнгын хорооны хуралдаанаар тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн баталж, Японы “Мицүбиши”, “Чиёода” компанийн түншлэлийн хүрээнд нисэх буудал барих ажлыг хэрэгжүүлэхээр болжээ. Ингэхдээ  манайх 47 тэрбум иен буюу 498 сая ам.долларын зээлийг 40 жилийн хугацаатай 0.2 хувийн хүүтэй авахаар болсон. Тэгвэл Хөшигийн хөндийн онгоцны буудлын хүчин чадал ямар байх, түүнийг дагаж ямар бүтээн байгуулалт, дэд бүтцийн шинэчлэл явагдахыг сонирхсон юм.

АГААРЫН ХӨЛӨГ ХОЁР ТАЛААС ХӨӨРЧ, БУУНА

“Чингис хаан” нисэх буудал зөвхөн нэг л талаас онгоц хүлээж авч, хөөргөдөг учир нисэх зурвасын ашиглалт 73 хувьтай байдаг аж. Энэ тоо олон улсын стандартад бол 95 хувь байдаг юм байна. Хоёр талаас нь бууж хөөрдөг болгох талаар  судалж үзсэн ч урд талдаа өндөр уулын саадтай учир боломжгүй гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс нийслэлээс 50 км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Хөшигийн нисэх онгоцны шинэ буудлыг барихаар болсон. Хөшигийн хөндийд барих олон улсын нисэх онгоцны буудал жилд 1.3-1.5 сая зорчигчид үйлчлэх хүчин чадал бүхий танхимтай, зургаан хоолойтой, 825 автомашины ил зогсоолтой, 3600 метр урт нислэгийн талбайд агаарын хөлөг хоёр талаасаа хөөрч, буух боломжтой байх юм. “Чингис хаан” нисэх онгоцны буудал цагт 500-800 зорчигч хүлээн авдаг бол шинэ онгоцны буудал нь цагт 1100 зорчигч хүлээн авах ажээ. Түүнчлэн цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс шалтгаалах нислэгийн саатал одоогийн байдлаар 2.3 хувь байгааг 0.5 хувь болгож бууруулах аргачлалыг нэвтрүүлэх аж. Онгоц буух, хөөрөх зурвас нь гэхэд 3600 метр, зорчигч үйлчилгээний барилга нь 33300 метр квадратад хүрэх юм. Шинэ нисэх буудал бүхий л талаараа дэлхийн стандартад нийцсэн байх гэнэ. Энэ нь даруй хуучин нисэх буудлын хүчин чадлаас хоёр дахин илүү үзүүлэлт ажээ. Дашрамд дурдахад манай улсад 2016 онд 1.5 сая , 2019 он гэхэд 2.7 сая, 2024 онд 3.4, сая 2029 онд 4.1 сая , 2032 онд 4.8 сая хүн зорчино гэсэн тооцоог албаныхан гаргажээ.

ДАГУУЛ ХОТ БИЙ БОЛНО

Нисэх буудалд ажиллах ажиллагсдын тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор буудлыг түшиглэн 100 мянган хүн амтай хот шинээр байгуулах шийдвэрийг өнгөрсөн оны зургадугаар сард Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Шинэ хот нь аялал жуулчлал, хүнс хөнгөн үйлдвэр, сэргээгдэх эрчим хүч, мэдээлэл технологид тулгуурласан хөгжлийн үндсэн чиглэлтэй. Газар тариалан, мал аж ахуй, мах, махан бүтээгдэхүүн барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд бүтцээр найдвартай хангагдсан, амьдрах таатай орчинтой дагуул хот байх аж. Түүнчлэн хот руу чиглэсэн их нүүдлийг сааруулахаас гадна төвийн бүсийн болон төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хотын хөгжилд ч чухал түлхэц болох юм байна.

5000 ОРЧИМ АЖЛЫН БАЙР ЭЗНЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА

Нисэх буудалд л гэхэд 4800 ажлын байр гарах бол бусад салбарт 46 мянган хүн ажиллаж хөдөлмөрлөх боломжтой ажээ. Мөн 10 мянган багш ажилтантай оюутны хотхон, 10 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, тамирчдын хотхон, 30 мянга орчим сурагч суралцах ерөнхий боловсролын сургууль, аж үйлдвэрийн парк барих аж. Түүнчлэн нийслэлтэй холбосон хурдны зам, төмөр зам, метро барих ажлыг ч хийх аж. Шинэ онгоцны буудал, хотыг цахилгаан эрчим хүчээр эхний ээлжинд Налайхын дэд станц зэрэг хэд хэдэн дэд станцаас хангах юм байна. Нисэх буудалд 42 МВТ, шинэ хотод 72 МВТ цахилгаан шаардлагатай учир ийм байдлаар зохицуулах боломж байгаа аж. Цаашид хот өргөжвөл 600 МВТ-ын чадалтай цахилгаан станц барих шаардлага гарах гэнэ.Түүнээс гадна дулаан, цэвэр, бохир усны байгууламжийг шинэ нисэх буудал ашиглалтад орохоос өмнө барих шаардлагатай аж. Харин цэвэр усны асуудлаа эхний ээлжид Зуунмод голын цэвэр усны гурван худгаас хангахаар төлөвлөсөн байна. Харин цаашид хот байгуулагдаад ирэхээр Зуунмод, Бөхөгийн голоос цэвэр усаар хангах аж. Улаанбаатараас шинэ нисэх буудал хүртэл 53 километр хурдны зам барих юм байна. Төслийн хүрээнд үерийн усны хамгаалалт далангийн барилга байгууламж, цахилгаан дамжуулах 110 киловатт-ын шугамын болон холбоо мэдээллийн шилэн кабель татах ажлыг хийж эхэлжээ. Хөшигийн хөндийд сүндэрлэх нисэх онгоцны буудлыг дагаж, шинэ хот бий болж, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт, ажил хийгдэхээр ТЭЗҮ-д тусгагджээ. Одоо гагцхүү ажил хэрэг болох нь чухал гэдгийг олон хүн сануулж байна.

Б.УУГАНБАЯР

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж