“Олон-овоот”-ыг төрийн мэдэлд шилжүүлэх санал гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

“Олон-овоот”-ыг төрийн мэдэлд шилжүүлэх санал гаргажээ

 Анод,
Зоос банк, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, Олон овоотын уурхай гэх мэт
нэрсээр “чимэглэгдсэн” дуулиант бас сунжирсан сэдэв “Голдман сакс”
Монгол Улсыг арбитрын шүүхэд өглөө гэсэн халуун мэдээгээр баяжив.
Дэл­хийд алдартай “Голдман сакс” хөрөнгө оруулалтын банкийг ихэнх
монголчууд Анод, Зоос банк, Олон-Овоотын уур­хайн лицензийн будилаантай
хол­боо­тойгоор мэдэх болсон. Гэтэл мөнөөх л дуулиант Олон-Овоотын
алтны уур­хайн лицензийн асуудлаар “Голдман сакс” олон улсын арбитрын
шүүхэд хандлаа гэсэн мэдээлэл чих сортосхийлгэлгүй яах вэ дээ. Яг энэ
үед Монголын алтыг хуурайлж, хөрс шороог нь сэндийлж орхиод нутаг
руугаа бултан зугатсан гэж зүхүүлж байгаа “Алтан дорнод Монгол”-ын
Паушокийн үүсгэсэн олон улсын арбитрын шүүхийн заргад Монгол Улсын
Засгийн газар бүдэрч магадгүй байгаа дуулиан дэгдээд байгааг ч хэлэх
үү. Монгол Улсад олон тэрбум төгрөгийн татвар төлөөгүй гэж Засгийн
газар ам бардам дуугарч байсан ч эдүгээ байдал ээдрээтэй болоод байх.

Хоёр банкны хувь заяаг дэнжигнүүл­сэн, эдүгээ өр нь
210 тэрбумаар тоологдож байгаа Ц.Мянганбаярын дуулианыг сөх­вөл
мундашгүй асуудал сунжирна.

Товчхондоо манай шилдэг бизнесмэнүүдийн нэг гэгдэж
байсан тэрбээр Олон-Овоот хэмээх уурхайн лицензийг нэгээс нөгөөд
шилжүүлэн барьцаалсаар одоо аалзны шүлс шиг хэрүүл үүсээд буй. Дээр
дурдсан 210 тэрбум таван банк, “Голдман сакс”, төдийгүй байгууллага
хувь хүмүүс, шатахуун нийлүүлэгч компаниуд тат­варын албаны нийлсэн өр.
Эцэс сүүлд нь Олон-Овоотын лицензийг “Олон-Овоот гоулд” компани эзэмшиж
буйгаа зарлаж, бүх эрсдлийг хүлээхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн.
Тэгэхээр бүх өр Ц.Мянганбаярт хамааралгүй болж байх шиг.

Тэгвэл дээрх өрөөс эдүгээ төрийн банк болоод буй Зоост
60 тэрбум, удахгүй татан буулгах гэж байгаа Анодод 30 тэрбум, дуулиан
дэгдээд байгаа “Голдман сакс”-т 15 тэрбум төгрөгийн өр буй гэдэг.
Үүнтэй зэрэгцээд ашигт малтмалын ордын лицензийг яагаад ингэж алаг
бөмбөг шиг дамжуулан өрийн сүлжээ үүсгэв гэсэн асуудал дэгдсээр байна.
Эдгээрийг дахин үл нуршин “Голдман сакст”-тай холбоотой дэгдээд буй
асуудлыг тойрон эргэлдэж буй асуултуудыг багцлан харахыг оролдоцгооё.


Тэд үнэхээр арбитрын  шүүхэд хандсан уу?

Үүнд Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал
Б.Лхагвасүрэн “Ямар учраас ийм мэдээлэл гарсныг ойлгохгүй байна. Яагаад
гэвэл бид энэ харилцаанд оролцогч тал биш” гэж хариуллаа. Учир нь
тэдэнд одоогоор “Голдман сакс” арбитрын шүүхэд ямар асуудлаар хандсан,
ер нь хандсан эсэх талаар  ч мэдээлэл байхгүй байгаа аж. Хэрвээ
лицензийн асуудлаар хандсан бол энэ нь лиценз  олгогч байгууллага буюу
Ашигт малтмалын газар болон Засгийн газрын асуудал болох нь.

Түүнээс гадна “Голдман сакс” шүүхэд хандана гэсэн ямар
нэгэн “шинж тэмдэг” байгаагүй гэж албаны хүн хэлж байна. Тус банкны
төлөөлөгч гэх нөхөр Монголбанкныхантай байнга ирж уулздаг, Анод банкны
Бүрэн эрхт төлөөлөгчтэй 14 хоногийн өмнө уулзаад явж. Тэд бид ч гэсэн
адилхан зээлдүүлэгч, зээлсэн мөнгөө хурдхан хугацаанд олж авах талаар
хамтран ажиллая гэсэн найрсаг яриа өрнүүлдэг гэнэ. Гэхдээ гайхалтай нь
Монголбанкныхан энэ хүнийг зөвхөн нэрийн хуудсаар нь л “таньдаг”. Ийм
байгуул­лагын, ийм хүн ингэж мэдэгдсэн гэж хэлэх баримт алга. Гайхалтай
байгаа биз. Үүнийг өмнө нь ч “Голдман сакс”-ыг төлөөлж харьцаж байсан
учраас нэрийн хуудсаар нь л “мэндэлдэг” гэж тайлбарлаж байгаа юм.
Мэдээж хэрэг тус банкны албан бичиг болон урьдчилан илгээж байсан бичиг
урилгын дагуу уулзаж байсан байна л даа. Гэхдээ тус банкийг төлөөлж хэн
Монгол Улстай харьцаж байсан бэ гэдэг нь тодорхойгүй байгаа гэлтэй.

“Голдман сакс” гэж хэн бэ?

Энэ асуултыг өмнө нь “Ардын эрх” нэгэнтээ тавьж
байсан. Дэлхийд нэртэй банкийг уу даа гэж гайхах хэрэггүй. Учир нь тус
банк Монголд бүртгэл, суурин төлөөлөгч үгүй. Үүнийг өмнө бид тодруулж
байсан. Дээр ч бас нэрийн хуудас бүхий эрхэм л “төлөөлдөг” байсныг
дурдав. Тийм ч учраас ашигт малтмалын лиценцийг зөвхөн банк болон банк
бус санхүүгийн байгууллагад л барьцаалж болно гэсэн хуулийг зөрчсөн гэж
Ашигт малтмалын газрынхыг буруутгаж буй. Хэдийгээр УИХ-ын гишүүн
О.Чулуунбат нарын зарим эрхэм “Барьцаа авахгүйгээр зээл өгдөг, мунхаг
гэж байх уу. Гадаадын байгууллага зээл авахдаа барьцаа хангуулж
чадахгүй бол Монголд хэн хөрөнгө оруулж, зээл өгөх билээ” гэдэг ч Ашигт
малтмалын хуулинд зөвхөн банк, банк бус санхүүгийн байгууллагад лиценз
барьцаална гэж. Харин банкны тухай хуульд банк болон банк бус
санхүүгийн байгууллага  үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан
байх ёстой учир “Голдман сакс” 100 гаруй жилийн түүхтэй том банк ч
Монголд бол хуулийн дагуу лиценз барьцаалагч этгээд биш болж байгаа юм.
Дэлхийн аварга банкны хуульчид Монголын энэ хуулийг мэдэхгүй байна ч
гэж юу байх вэ? Тийм ч учраас тэд лицензийн асуудлаар маргаан дэгдээж
гэмээнэ далаараа тавиулах учир энэ асуудлыг сөхөхгүй гэх таамаг байна.

Цаашдаа ямар үйл явц өрнөх бол?

Арбитрын шүүхтэй холбоотой бүдэг мэдээллийн талаар удахгүй тодорхой болох байх аа хэмээгээд түр орхивол ийм асуулт гарч ирнэ.

Тэгвэл шинэ мэдээлэл дуулгахад, Монгол­банк Засгийн
газарт Олон-Овоотын асууд­лыг шийдэх талаар бас нэгэн санал гаргаад
байгаа аж. Энэхүү санал төрийн мэдлийн “Эрдэнэс МГЛ” компанид
хаяглагдаж буй гэхээр тэр дуулиант алтны ордыг мэдэлдээ авснаар их
өрүүдийг хэлтгийлгэх нь үү гэсэн таамаглал дэвшүүлж болох. Өөрөөр
хэлбэл, төр уг алтын уурхайг мэдэлдээ аваад элдэв бонд болон, төрийн
мэдлийн хоёр банкны болон бусад зээл­дүү­лэгчдийн өрийг барагдуулна
гэсэн үг. Гэхдээ энэ нь яригдаж буй саналуудын нэг төдий гэж тайлбарлаж
байна.

Зарим нэгэн уурхайг үнэ хүргэн зарж өр, зээлүүдийг
төлөх хэрэгтэй гэдэг бол нөгөө хэсэг нь олборлолт үйлдвэрлэлийн горим
алдагдаж, өр зээлэнд баригдсан  уурхай ийм хэмжээний үнэд хүрч чадахгүй
хэмээдэг. Албаны хүмүүсийн ч Олон-Овоотыг худалдаж авах ажил хэрэгч,
боломжийн санал яг үнэндээ одоо байхгүй. Гагц “Олон-Овоот гоулд”
компанийн захирал Д.Энх­туяа “Бид ажиллуулаад өр, зээлийг төлөхийн
төлөө зүтгэнэ” гэж зоригтой дуугараад буй. Ийн Олон-Овоотын хувь заяаг
шийдэхээс өмнө бүх зээлдэгчид байр сууриа нэгтгэх, төрийн хувийн
банкуудын “статус”-ыг цэгцлэх гээд олон асуудал байгаа учир энэхүү
санал холын таамаг төдий л байна, одоогоор.

Монголбанк юу хийж байна вэ?

 Зүй ёсны асуулт. Анод, Зоос банкуудыг ийм байдалд
хүргэлгүйгээр, хяналтаа тавьж чадаагүй юм уу, өдийг хүртэл яагаад Анод
банкийг татан буулгах талаар ч албан ёсоор зарлаагүй байна вэ, цаашид
энэ их эрсдэлтэй зээлийг тэд нөхөн төлүүлж чадах уу, Засгийн газрын
бонд буюу төрийн, татвар төлөгчдийн мөнгөөр хаагаад өнгөрөөх юм биш биз
гэсэн бас л үй олон асуулт. Мэдээж хэрэг Монголбанкныхан бид харин ч
үүнийг илрүүлж, таслан зогсоож чадсан гэж буй. Олон-Овоот хэмээх ордод
нийтдээ 18 хэсэг лиценз байдаг. Зарим эх сурвалж тав ч гэдэг. Эдгээрийг
Ц.Мянганбаяр өөр өөр, компани, аж ахуйн нэрээр барьцаалан зээл авч
байсан учир илрүүлэхэд төвөгтэй байсан гэж Монгол­банкныхан тайлбарлаж
байгаа юм. Гэсэн ч цаашдаа Монголбанкны цэгцлэх ёстой асуудал олон буй.
Наад зах нь төв банк Анод банкийг татан буулгасныхаа дараа нийт зээлийг
багцлан барагдуулах талаар дараагийн ажилдаа орох боломжтой. Хууль,
журмын дагуу Анодыг татан буулгах саналд хариу өгөх хугацаа энэ
гуравдугаар сарын 28-наар дуусгавар болох юм. Дуулиант асуудлуудын
талаар одоо байгаа мэдээллийг хүргэхэд нэг иймэрхүү. Харамсалтай нь
дуулиант, ээдрээт асуудал ойрын үед л лав үргэлжилсээр байх бололтой.

А.АЛТАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж