Санхүүгийн байгууллагуудтай холбогдох шийдвэрийг гаргалаа

Хуучирсан мэдээ: 2013.04.29-нд нийтлэгдсэн

Санхүүгийн байгууллагуудтай холбогдох шийдвэрийг гаргалаа

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж, үнэт цаас, даатгал, бичил санхүү, эрсдлийн үнэлгээ судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар хэлэлцэн, тодорхой шийдвэрүүдийг гаргажээ.

Ингэхдээ нэгдүгээрт, хуралдаанаар үнэт цаасны талаар хэлэлцэх үеэр хувьцаат компаниудын гүйцэтгэх захирлын томилгоог шийдвэрлэв. Тухайлбал,  “Блюскай секьюритиз” ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Эрдэнэбагана овогтой Алтаншагайг, “Сикап” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Давааням овогтой Маралхүүг, “Гендекс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Цогтбал овогтой Мандулайг, “Гаули” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Хан Гю Бун-г томилохыг тус тус зөвшөөрчээ. Түүнчлэн  “Нэйшнл сэкюритис” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын зөвлөхийн болон брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгасан байна.

Хоёрдугаарт, даатгалын талаар зарим журам, шаардлагад өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 102 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсад салбар, төлөөлөгчийн газраа нээх, түүгээр дамжуулан даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа явуулах гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах нөхцөл, шаардлага”-ыг шинэчлэн баталжээ.

  • Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 331 дүгээр тогтоолоор батлагдсан “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам”, 2011 оны 337 дугаар тогтоолоор батлагдсан “Жолоочийн даатгалын сангийн санхүүжилтийг төвлөрүүлэх, данс байршуулах, сангийн хөрөнгийг шилжүүлэх, зарцуулах журам”-д тус тус өөрчлөлт оруулав.

Гуравдугаарт, бичил санхүүгийн талаар,  “Капитал-Аз” ХХК-д банк бус санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох,

  • “Финанс энд девелопмент оф майнинг ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгах,
  • “Их мөнгөн завъяа ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох,
  • “Ган ивээл” ХЗХ, “Номин юнион” ХЗХ, “Мина” ХЗХ, “Кредит юнион монгол” ХЗХ, “БЭХ” ХЗХ, “Хүнгэлдуут” ХЗХ, “Арвайн үр” ХЗХ, “Дөргөн хөгжил” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгасан байна.

Дөрөвдүгээрт, эрсдлийг үнэлгээ, судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар  “Баярплант” ХХК, “Стандарт таваар” ХХК, “Хааннэгдэл” ХХК-д Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагчийн тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаагаар тус тус олгох шийдвэрийг ийнхүү ээлжит хурлаараа гаргажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж