Улаанбаатар хотноо болж буй АОХН-ийн сайд нарын долдугаар үндсэн хуралд оролцохоор ирсэн гадаадын төлөөлөгчид “Онлайн болон хэвлэлийн эрх чөлөө”-ний талаар хэлэлцлээ. Уг хэлэлцүүлэгт Шведийн гадаад хэргийн сайд Карл Билдт, Латвийн ГХЯ-ны Парламентын нарийн бичгийн дарга Викторс Макаровс нар оролцсон юм. Ардчилалын үйл хэрэгт хамгийн бодитой, үр нөлөөтэй оролцдог институц бол хэвлэл мэдээлэл. Тэр дундаа цахим сэтгүүл зүй. Гэхдээ тухайн улс гүрэн ардчилал, хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрхээр хэр зэрэг хангагдсан бэ гэдэг нь хамгийн чухал гэдгийг төлөөлөгчид хэлж байсан юм. “Техник технологийн хөгжлийн хурд цаг, минутаар биш секундээр хэмжигдэх болж. Үүнийгээ дагаад шинэ үеийн залуусын сэтгэлгээ ч гэсэн өөр болсон. Интернетэд ямар нэгэн хил хязгаар байхгүй. Тиймээс үнэн, худал нь үл мэдэгдэх асар олон мэдээллийн урсгал интернэтээр хөвөрч байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын онлайн сэтгүүл зүйд зориулж байгаа мэдээллүүд илүү чанаржих шаардлагатай байгаа. Энэ бол бүх дэлхийн асуудал” гэж Шведийн Гадаад хэргийн сайд Карл Билдт ярьсан юм. Энэ удаагийн хуралд оролцож байгаа гадаадын улсын 70-аас илүү хувь нь хэвлэлийн эрх чөлөө хагас, эсвэл хэвлэлийн эрх чөлөөгөөр хангагдаагүй улсын төлөөлөл байгаа ажээ. Цаашид онлайн сэтгүүл зүй олон нийтийн сүлжээ сайтуудаар дамжин мэдээллийн урсгал хурдтай болох бөгөөд мэргэшсэн, мэргэшээгүй гэдгээрээ хуваагдах хандлага ажиглагдаж байна. Уг хуралдааны панелист төлөөллөөр Монголын ТББ-уудыг төлөөлж “Глоб Интернейшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал оролцсон юм.
Б.СҮХ