“Лейкерс”, “Бостон”-гийн эсрэг

Хуучирсан мэдээ: 2010.05.30-нд нийтлэгдсэн

“Лейкерс”, “Бостон”-гийн эсрэг

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн аваргын төлөө “Бостон Селтикс”-ийн эсрэг “ЛА Лейкерс” тоглохоор боллоо.

Монголын цагаар өнөөдөр өглөө болсон өрнө конференсийн аваргын төлөөх зургаа дахь цуврал тоглолт “Финикс Санс”-ын талбайд өрнөж, Коби Брайнт 37 оноо, Рон Артест 25 оноо авснаар багаа манлайлж, “ЛА Лейкерс” өрсөлдөгчөө 111:103 харьцаатай буулган авсан юм. Ингэснээр цувралыг 3:2-оор тэргүүлж байсан “Нуурынхан” дөрөв дэх ялалтаа авч, өрнө бүсийн аваргаар тодорчээ.

Лигийн түүхэнд амжилт арвинтай “Лейкерс” болон “Селтикс” нар ийнхүү 12 дахь удаагаа NBA-ын финалд учраа таарч байгаа ба цувралын эхний тоглолт монголын цагаар зургадугаар сарын 4-ний өглөө Лос-Анжелес хотноо болох юм. Сануулахад, тэд өнгөрсөн хоёр жилийн аваргууд билээ. Хоёр жилийн өмнө “Бостон”, “Лейкерс”-ийг хожиж аваргалсан бол өнгөрсөн жил “Лейкерс”, “Орландо”-г хожсоноор аваргын цом хүртсэн юм.

Финалын тоглолтын талаар Коби Брайнт “Бид хэр ажих дэвшсэнээ харуулах болно. Хоёр жилийн өмнө Бостончууд бидэнд том сургамж үлдэээсэн. Харин одоо бид өсч томорсон гэдгээ харуулах боломж олдлоо” гэжээ.
Өглөө болсон тоглолтын сүүлийн хоёр минутад Брайнт есөн оноо авсан юм. Харин өрсөлдөгч багаас Амаре Стадемайэр 27 оноо багтаа авчирсан бол плей-оффын 118 дахь тоглолтдоо оролцсон Стив Нэш  21 оноо авч, есөн оновчтой дамжуулалт өгсөн байна. Тоглолтын дараа “Санс”-ын дасгалжуулагч Элвин Жентри “Коби бол сагсан бөмбөгийн спортын түүхэн дэх шилдэг тоглогч” гэжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж