Хатан туулыг цэцэрлэгт хүрээлэн болгоё

Хуучирсан мэдээ: 2013.04.29-нд нийтлэгдсэн

Хатан туулыг цэцэрлэгт хүрээлэн болгоё

БНСУ төсвийнхөө 20-30 хувийг модноос бүрдүүлдэг.

Монголчууд бид алт, мөнгө, нүүрс, зэсийг л газрын баялаг хэмээн харж, ямар ч хамаагүй аргаар ухаж төнхөж байгаад мөнгө болгохыг илүүд үздэг бол солонгосчууд биднээс өөр. Тэд бидний хайр найргүй тайрч хаядаг модыг баялаг хэмээн “шүтнэ”. Тарина, арчилна, ургуулна. Түүнээсээ олсон ашиг юугаа улсынхаа төсөвт тушаана. Ой модыг улсынхаа тэргүүлэх салбар гэж хардаг учраас улсын төсвийн 20-30 хувь нь шууд энэ салбараас хамааралтай байдаг аж. Энэ тухайгаа тэд холоос ирсэн зочин гийчинд бахархан ярьцгааж, бусад улс орон бидний энэ туршлагаас харж суралцаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсэмжилж байсан.

Сүүлийн хэдэн жилд тэдний мод тарих арга бүр ч нарийсч тарьсан модоо эдийн засгийн эргэлтэд хурдан оруулахын тулд дэлхийн зах зээл дээр өндөр үнээр борлогдохыг нь тарьж эхэлсэн гэнэ. Тодруулбал, нарс, улаан нарс, царс зэрэг модыг эдийн засгийн үр өгөөжтэй хэмээн тооцоолж, тарихыг илүүд үздэг болжээ. Бас мод тарих газаргүй болсон тул Бразил, Канад зэрэг оронд газар түрээсэлж мод тарьсан гэнэ. Мэдээж тус улсад энэ ажлыг хариуцсан бүтэн баг бий. Түүнийгээ Ойн газар, Ойн хүрээлэн, Ойн үйлдвэр судалгааны төв гэж нэрлэх бөгөөд бүх үйл ажиллагаа нь шинжлэх ухаанд тулгуурлана. Нэг мод, нэг навч шарлалаа гэхэд тэр нь юунаас үүдэлтэй, яагаад ийм байдалтай болсныг судална. Уг үндсийг нь олж байгаад эмчилнэ.

Магадгүй та үүнийг уншаад гайхаж магадгүй. Тэгвэл энэ тухай мэдээллийг тус улсад аяны дөрөө мултлах зуур тус улсын Засгийн газрын дэргэдэх KOICA олон улсын байгууллага болон Ойн газрынхан нь өгсөн юм. Тодруулбал, дээрх байгууллагын тусламжтайгаар солонгосчууд нэг мод тарихын тулд ямар их хөрөнгө мөнгө  зарцуулдаг, ямар их хүч гарган ажиллаж буйтай танилцах завшаан олдсон хэрэг л дээ. Бидэнд байсаар атал өөрсдийн гараар үгүй хийх, тэгсэн атлаа жилийн жилд шинээр тарина, ургуулна хэмээн сүр дуулиан болгож өчнөөн төгрөг салхинд хийсгэдэг монголчуудын дэргэд солонгосчуудын мод тарих ажил нь бүхэл бүтэн шинжлэх ухаанжсан салбар юм. “Бид хавар, намар болохоор газар ухаад үрсэлгээгээ хийнэ. Тэгээд услаад л мод тарьчихдаг” гэж хэлбэл тэд шоолж байна. Мод гэдэг чинь нэг амь шүү дээ, яаж тэгж болох билээ” гэж ирээд зөвлөгөө өгнө. Энэ салбар тус улсын эдийн засгийн гол түлхүүр болтлоо хөгжсөн болохоор арга ч үгүй биз.

БИД АЗГҮЙ Ч ГЭСЭН АЗТАЙ

Солонгосчууд ийн ярих. Үүнийгээ тэд тун сонирхолтойгоор тайлбарлана. Тодруулбал, “Манай улсын түүхэнд ой модоо тэр чигт нь сүйтгүүлсэн хоёрхон тохиолдол байдаг. Энэ тухай манай улсын түүхэнд тод бичсэн байдаг бөгөөд эхнийх нь гэвэл танай Чингис хаан дэлхийг байлдан дагуулах үедээ Азийн орон руу хараагаа чиглүүлсэн. Юуны өмнө их хаан манай улсыг эзлээд тэндээсээ Япон руу дайрах болсон. Гэтэл тус улс руу дайрахын тулд далайгаар явах, үүний тулд хөлөг онгоц хийх шаардлагатай болсон. Тэгээд л манай улсын ойг тэр чигт нь хяргаад усан онгоц хийсэн. Гэвч энэ түүх харамсалтай төгссөн гэдгийг та бүхэн мэдэж байгаа шүү дээ хэмээн өгүүлнэ. Харин хоёр дахь тохиолдлыг 1910-аад оны үеийн япончуудын дайралттай холбож ярьдаг. Тэр үед манай Солонгос даяар ой модыг нь галдан шатаасан. Гэвч тэд “Бид ойгоо тарьж, ургуулж чадсан бөгөөд өнөөдөр улсынхаа эдийн засгийн гол хөшүүрэг салбар болгочихоод байгаагаа азтай гэхээс яах билээ” хэмээн бахархана. Үнэхээр ч тийм. Энэ оронд явж байхад, тэр дундаа яг өдийд очиход  хүүхэд хөгшид гэлтгүй бүгд мод, бут сөөг тарих гээд тун хичээнгүй хандаж буй нь шууд анзаарагдана.  Гэхдээ нэг зүйл жаахан гунигтай санагдах нь тэр сайхан ой төгөл дунд явж байхад модны навч сэрчигнэх, чийг үнэртэх хоёроос өөр байгалийн үнэр үгүй. Мод нь, газар нь, өвс нь ямар ч үнэргүй бөгөөд энэ бол таримал байгаль. Иймээс тэд эх дэлхийн жамаар ургасан, тэр дундаа голын эрэг даган ургаж буй модоо нүдний цөцгий мэт хайрладаг бөгөөд бид ч гэсэн тэдний туршлагыг яагаад нэвтрүүлж болохгүй гэж гэх бодол өөрийн эрхгүй төрдөг юм билээ.


Сөүл хотын дундуур урсдаг гол ийм байхад харин манай Сэлбэ…

ТАРИАД Л, АРЧЛААД Л, УРГУУЛААД Л, ХАМГААЛААД Л, ХАРИН МАНАЙХ…

Манайхаас хэд дахин бага газар нутагтай, тэгсэн атлаа биднээс хэд дахин олон буюу 49 сая хүн амтай БНСУ-ын нийслэл Сөүл хотын дундуур урсах мөрөнг Хан гэдэг. Айл болгоны телевизээр орой бүр Солонгосын олон ангит киноноос энэ бүхэн манайхны танил болсон тул олныг нурших илүүц. Гэхдээ бидэнд тэднээс сурмаар зүйл их байгааг онцолж хэлэхээс аргагүй. Хан мөрнийг  Сэлбэ, Туултай адилтгаж болно л доо. Сөүлийнхэн хотынхоо дундуур урсдаг энэ голынхоо дэргэд амралт чөлөөт цагаа өнгөрөөнө. Модтой хэсгийг нь хашиж байгаад томоос том төмөр хашаа хатгана. Бас тэр хашаан дотроо сайхан зам засч, сандал ширээ суурилуулаад тоглоомын болон спортын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулчихсан байх нь цаанаа л гоё. Тэд мод  тарихын зовлонг мэддэг учраас ургаж буй модыг юунаас ч илүү хайрлан хамгаална. Тариад л, арчлаад л, ургуулаад л, хамгаалаад л, харин манайх…  

ХАТАН ТУУЛЫГ ЯАГААД ХАН МӨРӨН ШИГ ХАМГААЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ

Уг нь бидэнд ийм боломж бий. Их хотын дундуур урсдаг Сэлбэ, бургасаар эмжээрлэгдсэн Туул голынхоо эргээр сэтгэл тайван алхах боломж бүрэн байгаа юм. Тухайлбал, Туул голын эрэг даган ургасан бургасыг хамгаалалтад авч, эрэг дагуу хашаа хатгаад сайхан цэцэрлэгт хүрээлэн болгочихвол олон хүн баярлана. Харамсалтай нь, өнөөдөр та бидний хэтэрхий аминчхан зангаас болж Туулын эргийг даган эмжээрлэх бургасан төгөл, их хотын дундуур урсах Сэлбэ гол хоёр хогондоо дарагдчихаад  байгаа. Цаг дуулаарахтай зэрэгцээд Туул, Сэлбийн эрэг барааддаг манайхан гол ус, улмаар эх дэлхийтэйгээ хайр найргүй харьцдаг. Хогоо хаяна, машинаа угаана, эргэн тойронд нь “морь харах” гээд тэдэнд зах замбараа байхгүй. Тэр ч бүү хэл эрх мэдэл мөнгө хөрөнгөтэй зарим нь Туулын бургасыг үндэс үндсээр нь сугалж авч байгаад байшин барилга барина. Иймээс л бид бусад орны туршлагыг судлаж байгаад байгаль эхийнхээ ургуулаад өгсөн энэ их баялгийг нэмж тарьж, арчилж ургуулж чаддаггүй юм гэхэд хамгаалалтад аваад цэцэрлэгт хүрээлэн байгуулчих юм бол тун ч гоё.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ БА ДӨРВӨН САЯ МОДНЫ ХУВЬ ЗАЯА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны дөрөвдүгээр сард зарлиг гаргаж жил бүрийн тав, аравдугаар сарын хоёрдахь долоо хоногийн бямба гаригийг “Мод тарих үндэсний өдөр” болгосон. Энэ зарлиг гарснаас хойш дарга цэрэг, хүүхэд шуухадгүй мод тарьж буй ч өнөөдрийн байдлаар яг ямар хэмжээний мод тарьсан, түүний хэдэн хувь нь ургасан талаар тодорхой тоо алга. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригтын “Ерөнхийлөгчийн зарлиг гарахаас өмнө Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 500 гаруй мянган мод, бут, сөөг тарьдаг байсан юм билээ. Одоо бол жилд хоёр сая орчим мод тарьж байгаа гэсэн мэдээллийг Ойн газрынхан өгч байна. Гэхдээ энэ бол улсын төсвийн хөрөнгөөр тарьж байгаа модны л тоо юм. Үүнээс гадна иргэн, компани, албан байгууллагууд санаачилгаараа мод их тарьж байгаа. Албан бус тоогоор бол Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш дөрвөн сая орчим мод тарьсан гэсэн мэдээлэл бий” гэснээр өөр буюу яг хэдэн ширхэг мод тарьж түүнээс хэдэн хувь нь ургасан бэ гэдэг нэгдсэн тоо одоогоор алга. Иймээс солонгосчууд шиг нэг модыг нэг амь гэж тооцвол бид дөрвөн сая амьд биеийн хэдийг арчилж ургуулсан, хэдээр нь “туг тахисан” тухай баримттай мэдээлэл алга. Иймээс байгаль эхийн ургуулаад өгсөн модыг хайрлан хамгаалж үгүй ядаж л Улаанбаатар хотын ногооноороо байгаа цөөн газрын нэг болоод буй Туул голын бургасыг хайрлаж тордоод цэцэрлэгт хүрээлэн болгомоор байна.

Эцэст нь хэлэхэд энэ тал дээр солонгосчууд тун ч мэргэшсэн. Тус улсын Хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Ойн газар энэ асуудлыг бүхэлд нь хариуцдаг юм билээ. Тодруулж хэлбэл, ой модоо тэтгэвэрт гарч буй ахмадуудад хариуцуулаад өгчихдөг гэсэн. Насаараа ажил хийсэн ахмадуудад тэтгэвэртээ гарч гэртээ сууна гэдэг хэцүүхэн даваа учраас сард хэдэн төгрөгийн урамшуулал аваад л тухайн хариуцуулж өгсөн газар, ой модыг арчилж хамгаалах, хог хаягдлыг нь цэвэрлэх зэргээр сэтгэл гарган ажилладаг тухай сонирхуулж байсан юм. Бид энэ туршлагыг яагаад хэрэгжлүүлж болохгүй гэж. 

Туулын бургасаа цэцэрлэгт хүрээлэн л болгоё.

Л.ОЮУНГЭРЭЛ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж