Давхар албанаас татгалзах уу?

Хуучирсан мэдээ: 2013.04.29-нд нийтлэгдсэн

Давхар албанаас татгалзах уу?

-ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашдаг хүмүүс нь ТУЗ-ийн ажилдаа нийт ажил хөдөлмөрийнхөө 35 хувийн цаг зарцуулдаг гэсэн тооцоо байдаг ажээ-

Сурагч өөрийн хийсэн гэрийн даалгавраа өөрөө шалгаж, дүн тавина гэж байх уу? Ийм тохиолдлыг сурагчийн ширээнээс бус улсын засаглалаас харж болно. Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газарт давхар харьяалагдаж, алба хашдаг буюу УИХ-ын гишүүн хэрнээ сайд эрхмүүдийг олноор нь нэрлэж болох юм. Ийм өөр нэгэн жишээг дурдвал, улсдаа татвар төлдөг, тодорхой хэмжээний ажлын байр бий болгосон, олон нийтийн хөрөнгийг татан төвлөрүүлсэн компаниудын удирдах, гүйцэтгэх тогтолцооны давхардал. Ингэхээр Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь гүйцэтгэх захирлын албыг хашдаг байх жишээний. Үйл ажиллагааны бүтцийн хувьд жижиг, хувийн хэвшлийн компанид мэдээж ТУЗ-ийн тухай ярихгүй. Тэгэхээр төрийн ивээлд байдаг буюу Төрийн өмчит компани болон олон нийтийн хөрөнгийг татан төвлөрүүлсэн хувьцаат компанид ярих юм.

Монголд ТУЗ-ийн дарга, гишүүд нь компанийн гүйцэтгэх захирлынхаа албыг давхар хашдаг төчнөөн тооны компани байна гэсэн нарийвчилсан тоо одоогоор байхгүй ажээ. Ямартай ч энэ талаар Монголын ТӨХК, ХК-иудын хувьд хуулинд хориглодог бөгөөд хувийн хэвшлүүдэд ийм давхардал мэр сэр бий. Хүний хувийн өмчийг хуульчилж, хориглох ёсгүй юм. Гэхдээ хувийн өмч байлаа ч эхлэл хэсэгт хэлсэнчлэн өөрөө өөртөө даалгавар өгч буюу хийсэн ажлаа өөрөө үнэлэх ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг байна. Үүний оронд даалгавар шалгах цагаа гэрийн даалгавраа чанартай хийхдээ зарцуулмаар. Энэ талаарх судалгаанд ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашдаг хүмүүс нь ТУЗ-ийн ажилдаа нийт ажил хөдөлмөрийнхөө 35 хувийн цаг зарцуулдаг гэсэн тооцоо байдаг ажээ. Ингэхээр ажилдаа хөдөлмөрч, бүтээлчээр хандахгүй болох нь тодорхой. Монголд 12 компанид нэг хүн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг тохиолдол бийг Монголбанкны Ерөнхийлөгч асан, Компанийн засаглалын хөгжлийн төвийн Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат хэлсэн юм.

Компанийг удирдах, бодлого тодорхойлох, гүйцэтгэх бүх асуудлыг компанийн засаглалд хамруулж ойлгох бөгөөд ийм сайн жишээ 2009 оноос барууны орнуудад ажиглагдах болжээ. Нэгэн түүх. 2009 онд “Bank of America”-ын захирлууд, гүйцэтгэх удирдлагын гишүүд, хувьцаа эзэмшигчид нийтээрээ бие даасан ТУЗ-ийн дарга томилох санал гаргасан байна. Үүнээс удалгүй тус банкны ТУЗ-ийн дарга нь гүйцэтгэх захирлынхаа ажлыг хүлээлгэж өгчээ. Даргын алба хашихын сацуу цол хэргэм зүүх нь ийнхүү олон нийтэд онцгүй харагдах болсныг үүгээр нотолж, удирдах тогтолцоог салгаж эхэлсэн байна. Гэвч АНУ-д цөөн хэдэн банкинд албан тушаал, эрх мэдлээсээ салахгүй гэсэн оролдлого байсаар байгааг Олон улсын санхүүгийн корпораци мэдээлсэн юм. Ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах энэ асуудал маш чухал боловч тухайн давхар албыг хашиж буй эрхэм үүнийг өөрөө ухамсарлан авч үзэлгүй, шийтгэл гэдгээр ойлговол тухайн компанид дайн эхлэх нь тэр. Өөрөөр хэлбэл, бие даасан ТУЗ-ийн гишүүн, даргатай болохыг хүсч буй олны хүсэлтийг тухайн эрхэм өөрийнх нь мөрнөөс мөрдсийг нь хуу татах ажиллагаа гэдгээр үзвэл асуудал нөгөө тийш нь эргэх нь. Тиймээс компанийг зөв, зүйтэй авч явах нь хөрөнгөө даатгасан хувь нийлүүлэгч, бүх шатлалын ажилтнуудын дан ганц шаардлагаас бус, давхар албан тушаалтны өөрийн ухамсар, ажилдаа бүтээлч хандах хүсэл, эрмэлзлэл чухал болох нь.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж